Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-16 20:35:25
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штаб, Онцгой комиссын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тархалтад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Улаанбаатар хот, аймаг, сум, багийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, холбогдох дүрэм, журмыг хангуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болголоо.
Хүндэтгэн үзэх шалтгаанд эрүүл мэнд, хүнс, бараа, түлш шатахууны тээвэр, дэд бүтцийн чиглэлээр хийх хөдөлгөөн, албан томилолт, буяны ажил зэрэг багтах аж.
Мөн голомтот бүс нутгаас аймаг сумд руу зорчих иргэдээс шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч оруулахыг Эрүүл мэндийн газарт даалгалаа. Төрийн байгууллагуудыг 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл богиносгосон цагаар (09:00-12:00, 14:00-16:00) ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов.
Түүнчлэн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл, бодит байдлыг бүх шатны боловсролын байгууллагын цахим сүлжээг ашиглан сурталчлан ажиллахыг Боловсрол, соёл урлагын газарт даалгалаа.
Аймгийн хэмжээнд жуулчны бааз, аялал зугаалга, олон нийтийг хамарсан найр, цайллага, овоо тахилга шашны зан үйлийн үйл ажиллагаа зохион байгуулахыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлалаа.

Холбоотой мэдээ