Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд Сангийн яамны ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-15 18:13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эртэч Монгол” санаачилгын хүрээнд төрийн албаны шинэтгэлийг салбар бүрд жигд хэрэгжүүлэх, яам, агентлагийн үйл ажиллагааны чиглэлээр шинэтгэлийн түншлэл, ойлголцол, төлөвлөлтийг оновчтой тодорхойлох зорилгоор Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд өнөөдөр Сангийн яамны ажилтай танилцлаа.


Тус уулзалтад яамны албан хаагчид болон Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын удирдлага, ажилтан 160 гаруй хүн оролцлоо.


Төрийн албаны хууль тогтоомжийг мөрдлөг болгон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цахим, ил тод, үр ашигтай байх зарчмыг баримтлан ажиллаж буйгаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт онцолсон. Яамны ажлын ачаалал сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн ч орон тоо нэмэлгүйгээр, ажилтнуудаа чадваржуулж, ажлын байрны орчноо сайжруулан цахим ажлын горимд шилжсэнээр яам, салбарын бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгаа талаар мөн тэмдэглэв .


Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, “Шинэтгэл эдийн засгийн агуулгаар баяжиж байна. Төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг хүний нөөцийн удирдлага, мэдээллийн сантай холбож чадсан нь томилгоо болон цалин хөлсийг уялдуулах, боловсронгуй болгох томоохон ажил боллоо. Их өгөгдөл дээр амжилттай ажиллах, өгөгдөл мэдээллээ шинэчлэн боловсронгуй болгох, шуурхай солилцох, өгөгдлийн санг эргэлтэд оруулах, технологийн дэвшлийг ашиглах, мерит зарчим, шатлан дэвших тогтолцоог хөгжүүлэх, чадвартай мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах чиглэлээр цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ” хэмээв. 


Тус зөвлөлийнхөн өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам,  Эрүүл мэндийн яамны ажилтай танилцсан юм.

Холбоотой мэдээ