Казахстанд халдварын нөхцөл байдал сайжирч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-15 13:58:11

НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстанд коронавируст халдвараар өвчлөгчдийн тоо буурч, халдварын нөхцөл байдал үндсэндээ сайжирч байна гэж тус улсын Ерөнхий сайд Аскар Мамин мэдээлэв 


“Улс орны халдварын байдал ерөнхийдөө сайжирсаар байна. Вирусний үржлийн индекс 0.9, эмнэлэг, эрчимт эмчилгээний тасгуудад эмчлүүлэгчдийн тоо буурч байна” гэж тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ.


Казахстаны Засгийн газрын тэргүүн мөн халдварын тархалтын хувьд зөвхөн нийслэл хот улаан бүсэд байгааг онцолжээ. "13 бүс нутаг, өөрөөр хэлбэл ихэнх нь ногоон бүсэд байгаа бол гурван бүс нутаг шар бүсэд байна" гэж Мамин тайлбарлав.


Одоогийн байдлаар Казахстанд 2.5 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгээд байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Алексей Цой мөн мэдээлжээ.


“Өнөөдрийг хүртэл 4 сая орчим тун вакцин хэрэглэсэн байна. Эдгээрээс 2 547 363 хүн эхний тунг хийлгэсэн нь вакцинд хамрагдах хүн амын 25.7 хувийг эзэлж байна. Хоёр дахь тунд 1 435 334 хүн хамрагдсан” гэж Цой хэлсэн байна.


Казахстан улс хоёрдугаар сарын 1-нээс Орост үйлдвэрлэсэн "Спутник V" вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр Карагандагийн эмийн цогцолборт үйлдвэрлэсэн Оросын вакциныг тус улсын бүс нутгуудад хүргэх ажлыг эхлүүлсэн байна. Дөрөвдүгээр сарын 26-наас дотооддоо гарган авсан “QazVac” вакциныг хэрэглэж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсын Үндэсний баялгийн сангаас Хятадын “Sinopharm” компанийн “Hayat-Vax” вакцинаас 1 сая тунг худалдаж авсан байна. Үүнээс гадна, Хятадын “Sinovac Biotech” компанийн үйлдвэрлэсэн “CoronaVac” вакцины эхний багц болох 500 мянган тунг зургаадугаар сарын эхээр хүлээж авчээ.


Казахстанд цар тахал дэгдсэнээс хойш 402 996 хүн коронавирусээр халдварласнаас 378 707 нь эдгэрч, 4180 нь нас барсан байна.


Холбоотой мэдээ