Шатахууны үнэ нэмэгдэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-11 22:11:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад маргаашаас шатахууны үнэ өснө гэдэг нь ташаа мэдээлэл болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр маргаашаас шатахууны үнэ өснө гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж, 530 төгрөгөөр хямдруулсан. Тиймээс шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэлээ.


Харин АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоотыг өнөөдөр УУХҮЯ, АМГТГ-т ирүүлсэн. Гэхдээ Монгол Улсад шатахууны үнэ өсөхгүй. Учир нь энэ оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын А92-ын нөөцийг 30 мянган тонноор нэмэх болсон. Өмнө нь бол 2800 орчим тонны нөөцтэй байсныг 10 дахин нэмсэн гэсэн үг. Өнгөрсөн оны 10 дугаар сараас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд 72 ам.доллар байгаа. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу А92 шатахууны үнийг 1830 төгрөгөөс 1320 төгрөг болгсон. Харин энэ оны тавдугаар сараас 1450 төгрөг болсон. Цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгжийн орлого буурсан. Тиймээс коронавирусний вакцинжуулалт насанд хүрсэн хүн амын 60-70 хувьд хүртэл шатахууны үнийг өсгөхгүй байх бодлого барьж байна” гэлээ.


Мөн тэрбээр шатахууны үнийг мэдэгдэхгүйгээр нэмсэн тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээв.

Холбоотой мэдээ