772 сонгогч Дундговьд шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-23 11:30:28

Дундговь аймгийн Улсын Бүртгэл Статистикийн газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг эцэслэн гаргаж, аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Жагсаалтад 29 мянга 397 сонгогчийн нэр багтжээ.

Сонгуулийн тухай хуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр зогсоосон. Харин сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох байсны дагуу энэ сарын 15-ны 24 цагаар энэ хугацаа дуусгавар болсон юм.

Сонгогчдын шилжилт хөдөлгөөний хугацаанд Дундговь аймагт 772 иргэн шилжин ирж, 85 иргэн шилжин явсан байна. Шилжин ирэгсдийн дийлэнх нь Улаанбаатар хотоос иржээ. Хамгийн олон шилжин ирэгсдийг бүртгэсэн хэсгийн хороо нь  Сайнцагаан сумын Айраг  баг болж байна. Энд 138 сонгогч шилжүүлгээ бүртгүүлсэн бол мөн Сайнцагаан сумын Тэвш багийн хэсгийн хороонд 109, Далайд 105, Наранд 99, Мандалд 40, Нарлаг багт 21 сонгогч тус тус бүртгүүлжээ. Хөдөөгийн сумдаас Дэлгэрцогтод хамгийн олон буюу 92 сонгогч шилжин ирсэн байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ