Нэр дэвшигч Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 15:33:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгөв.


Тэрбээр сонгуулийн сурталчилгааны явцад эхнэрийн хамт коронавирусний халдвар авсан тул Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Саналаа өгснийхөө дараа тэрбээр, "Биеийн байдал тогтвортой, эмч, сувилагч нар ажлаа маш сайн хийж байна. Ном, журмынх нь дагуу эм, бэлдмэлээ ууж байна. Ойрын хугацаанд эдгэрч, эмнэлгээс гарна гэдэгт итгэлтэй байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахимаар саналаа өгдөг болно гэдэгт найдаж байна. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ийм ажил хийнэ. Зөөврийн хайрцгаар санал авах үед эмнэлгийн ажилтан болон СЕХ-ны санал авах ажилтан байлцлаа. Телевизийн байранд очоод шилэн хоргоны цаанаас мэтгэлцэх боломж надад байсан. Дэлхий нийт цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа, бид ч цахим шилжилт хийх хэрэгтэй" хэмээсэн юм. 


Ташрамд дурдахад, өчигдөр 9.00-20.00 цагийн хооронд зөөврийн санал хураалтад оролцохоор бүртгүүлсэн хүмүүсийн 92.1 хувь нь саналаа өгчээ. Тодруулбал, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 920 хүн санал өгсөн байна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 4869 сонгогч саналаа өгчээ. Нийт коронавирусний халдвар аваад тусгаарлалтад байгаа 5 789 сонгогч саналаа өгчээ.

Холбоотой мэдээ