Соёлын сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллаж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-06-05 17:22:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Тэрээр тавдугаар сарын 31-ний өдөр төрөлх нутаг Говь-Алтай аймагт хүрэлцэн ирсэн бөгөөд энэ өдрүүдэд орон нутгийн удирдлагуудтай уулзан санал бодлоо солилцож, соёлын салбарын зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна. 

Тэрээр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Орон нутаг судлах музей, Ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Говь-Алтай аймгийн нийтийн номын сангаар зочилж, салбарын уран бүтээлчид, яруу найрагч, зохиолчдын төлөөлөлтэй уулзсан юм. Нийтийн номын санд ажиллах үеэрээ аймгийн номын санг нэгдсэн цахим бүртгэлийн системд холбох, соёлын салбарын үйл ажиллагааг цахимжуулах асуудлаар холбогдох албаныханд чиглэл өглөө. Харин 54 жилийн түүхэн замналтай Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн Алтай чуулгын үйл ажиллагаатай танилцаж зарим төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээр боллоо. “Алтай” чуулга 1985 оноос өнөөг хүртэл өөрийн гэсэн мэргэжлийн найруулагч, найрал дууны удирдаач, бүжиг дэглээч багш, хөгжмийн удирдаач болон хөгжмийн найруулагчгүй байгаа юм. Тиймээс нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг шинээр сургах, одоо ажиллаж байгаа уран бүтээлчдийг давтан сургахад шаардлагатай зардлыг буцалтгүй байдлаар шийдвэрлэх, “Үндэсний бичиг, Алтайн өв соёл” төсөлд дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид салбарын сайддаа хүндэтгэл үзүүлэн уран бүтээлийн дээжсээсээ хүргэж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, орон нутгийн соёлын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахыг хүссэн юм.

Мөн Бигэр суманд ажиллаж шатрын Олон улсын мастер Т.Үйтүмэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль болон сумын хүн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эмнэлгээр үйлчлүүлэгсдэд тав тухтай тохилог орчинд үйлчилгээ үзүүлэхийг захиад хувийн зүгээс 10 сая төгрөг хандивлав. 

Тэрээр Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ орон нутгийн соёлын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзах үеэр нутгаасаа санаачилсан соёл урлаг, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ гэдгээ илэрхииллээ. Мөн соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах ажлыг түлхүү хийхэд анхаарч ажиллахыг хүсэн улсын хэмжээнд анх удаа тус аймагт Соёлын хэлтсийг байгуулах талаар аймгийн удирдлагуудтай харилцан санал солилцон цаашид Алтай нутагт археологийн судалгаа, эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн хийх ажлуудыг эрчимжүүлэхээ уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.