Малчид ноосны урамшуулалд 2.48 тэрбум төгрөг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-03 16:11:48

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хонь, тэмээний ноосны урамшууллыг 6200 гаруй өрх авчээ.

-“2020 онд аймгийн хэмжээнд малчин, мал бүхий 6678 өрхийн малын ноосны урамшууллын материал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргэгдсэн. Үүнээс 6210 өрхийн тушаасан ноосны урамшуулал болох 2.48 тэрбум төгрөг малчдын дансанд орсон байна. Харин нас барсан, данс, нэр зөрүүтэй 395 өрхийн мэдээллийг холбогдох сумдын мэргэжилтнүүд, малчдаас дахин авч мэдээллийг яаманд хүргэхээр бэлтгэж байна.


Тушааж буй ноосны чанартай уялдуулж урамшууллыг нэмэгдүүлнэ

Малчдад ноосны урамшууллыг олгохдоо сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ноос тушаасан баримт, мэдээллүүд нэгтгэгдэж урамшуулал олгогддог.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай” журмыг  анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэн, ноосны үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгдсэн байна. Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд ашиглалтад орсон байна. Манай аймагт гэхэд 10 орчим ноосны үйлдвэр ажиллаж байна. Ноосны урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болсон байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ