Д.Ганзориг: 814 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахаар томилогдон ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-02 18:56:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга бөгөөд Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Ганзоригтой коронавирусний халдварын үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.


-Аймгийн сонгуулийн хороо одоогоор ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Говь-Алтай аймгийн хэмжээнд 88 хэсгийн хороогоор дамжуулж Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах бэлтгэл ажлаа хийж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн сонгуулийн хорооны гишүүдтэй хэд хэдэн удаа цахим хурал хийж тодорхой чиглэл, заавар өгсөн. Түүнчлэн бид сумдын сонгуулийн хорооны гишүүдтэй цахим хурал хийж, энэ удаагийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой үүрэг чиглэл өгөн, төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас болон Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоол, шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 

-Говь-Алтай аймгийн сонгуулийн хороонд нийт хэчнээн алба хаагч ажиллаж байна вэ?

-Сумдын сонгуулийн хороонд нийт 126 алба хаагч, 18 сумын 88 багийн хэсгийн хороонд 688 алба хаагч, нийт 814 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахаар томилогдон ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хороо тавдугаар сарын 31-нээс эхлэн бүх суманд саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад шаардлагатай бусад материал, тоног төхөөрөмжийг хүргэж өгөх, сургалт зохион байгуулж байна. Түүнчлэн Аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн баг таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сум бүрийн хэсгийн хороодод 1-3 албан хаагч багтан ажиллаж байгаа. Нийт 117 даамал ажиллахаар төлөвлөн, холбогдох сургалтуудыг зохион байгуулж байна.

-Аймгийн хэмжээнд хэчнээн сонгогч байгаа вэ?

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Говь-Алтай аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 37982 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалт гарсан. Одоогоор Улсын бүртгэлийн газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг эцсийн байдлаар хараахан өгөөгүй байна.

-Цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ?

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль коронавирусний цар тахал дэгдсэн үед зохион байгуулж буйтай холбоотойгоор хүндрэл бэрхшээл гарч магадгүй юм. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр 152 дугаар тогтоолын дагуу Түр журам батлагдсан. Энэ тогтоолоор цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой зааж өгсөн.

Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмын нэгдүгээр хавсралтад сонгуулийг яаж зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах, хэсгийн хороодыг хэрхэн ажиллуулах, зөөврийн хайрцгаар урьдчилан санал хураалтыг яаж авах гэх мэт бүх заавар журмыг нэг бүрчлэн заагаад өгчихсөн. Жишээлбэл, хүн бүр амны хаалт зүүсэн байх, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх, биеэр хүрэлцэхгүй, гар барихгүй байх гэх мэт маш нарийвчилсан заалтууд журамд тусгагдсан. Энэ заалтуудыг үндэслэн Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэрэгжлийн хяналтын байгууллагууд хамтран нарийн дэг журмын дагуу сонгуулийн ажил зохион байгуулна.

-Аймгийн Сонгуулийн хорооноос сонгогчдын ирц бүрдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна. Сонгогчдод чиглэсэн ажлууд хийж байгаа юу?

-Иргэд үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарлан сонгуульд идэвхтэй оролцох шаардлагатай. Сонгогчид саналаа цагаан хуудсаар өгөх эсвэл ирц бүрдэхгүй тохиолдолд хуулийн дагуу нэмэлт санал хураалт явуулдаг. Иймд сонгогч бүр эрх, үүргээ ухамсарлан сонгуульдаа идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн хорооноос сумдын болон хэсгийн хороодоор дамжуулан холбогдох гарын авлага бүхий мэдээллийг хүргэж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгогчдын боловсролд зориулан заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ