Москва хот дахь санал авах байранд 115 сонгогч бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-31 10:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаадад амьдарч, аж төрж, сурч байгаа иргэд 5 дугаар сарын 30-31-нд сонгуулийн саналаа урьдчилан өгч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Москва хот дахь 18 дугаар хэсгийн санал авах байрыг 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 07.00 цагт /Москвагийн цагаар/ нээлээ. Санал авах ажиллагааг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа үг хэлж, Монгол төрийн тэргүүний ээлжит сонгууль хуулийн хүрээнд, шударга болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Сонгогчдыг төлөөлж Москва хотын Дипломатын академийн 1 дүгээр дамжааны оюутан Д.Буянтогтох үг хэлж, анх удаа Төрийнхөө тэргүүний сонгуульд санал өгч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 6 жилийн хугацаагаар сонгох Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч эх сайхан монгол орны минь хөгжил цэцэглэлт, ард түмний маань сайн сайхны төлөө гэгээн үйлсийг үлгэрлэн манлайлагч байж, Монголын залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгч, дотнын нөхөр нь байгаасай гэж чин сэтгэлээс хүсэх байна” гэж хэллээ.

Москва хот дахь 18 дугаар хэсгийн санал авах байранд 115 сонгогч саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлээд байна. Өглөөний 08:00 цагийн байдлаар 15 сонгогч саналаа өгсөн талаар ГХЯ-наас мэдээллээ. 



Холбоотой мэдээ