Таван аймагт малын гоц халдварт өвчин гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 15:49:59

Онцгой байдлын Ерөнхий газраас таван аймагт галзуу өвчнөөр мал хорогдож, мөн боом, хонины цэцэг өвчлөл бүртгэгдсэн талаар мэдээлж байна.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт нэг тэмээ хорогдсоныг шинжлүүлэхэд аймгийн МЭАЦЛ  “галзуу”өвчин болохыг  тогтоожээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн нэг үхэр ч  “галзуу” өвчнөөр хорогдсон байна. Хөвсгөл аймгийн Галт сумын  “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн нэг үхэр, Цэцэрлэг сумын “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн 10 үхэр,  мөн сумын  “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн хоёр  үхэр адилхан оноштой хорогдсоныг лабораторийн шинжилгээ нотолжээ.х

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн нэг үхэр,  Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн 3 хонинд "цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлажээ.  Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хониноос бас цэцэг өвчин илэрчээ. иймд дээрх аймгийн малчдда малын гоц халдварт өвчнөөс малаа хамгаалахыг анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ