Энэ удаагийн сонгуулийг бэлтгэгдсэн төрийн албан хаагчид зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 15:36:05

2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд 10 хонож байна. Тиймээс Хэнтий аймгийн сонгуулийн эргэн тойрны үйл явдлын талаар Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрахтай ярилцлаа.

-Хэнтий аймгийн хэмжээнд хичнээн нам, эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож байна вэ?

-Энэ жил сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн хугацаандаа илэрхийлсэн зургаан нам байсан. Энэ намууд маань хуулийн дагуу аудитаар мөрийн хөтөлбөрөө хянуулах ёстой байдаг. Ингээд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдахад бүртгүүлсэн зургаан намаас дөрвөн нам нь оролцсон. Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам гэсэн дөрвөн нам, мөн нэг бие даагч буюу нийт 92 хүн нэр дэвшихээр сонгуулийн хороонд материалаа ирүүлсэн. Үүнийг аймгийн сонгуулийн хороо хуулийн дагуу нягталж үзээд,АН-ын 39, МАН-ын 39, МАХН-ын 8 буюу нийт 86 нэр дэвшигчийг энэ удаагийн Орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэрийг гаргаж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг хуулийн хугацаанд олгосон.

-Сонгуулийг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг ямар шалгуур үзүүлэлтээр томилсон бэ?

-2016 оны улсын их хурлын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг Монгол улсын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн ерөнхий хорооноос томилсон. Хэнтий аймгийн сонгуулийн хороонд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн хоёр дарга, газар агентлагийн гурван дарга, мөн төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид гээд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Эдгээр хүмүүс өмнө нь хэд хэдэн сонгуульд ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагчид байгаа.

- Хэнтий аймгаас УИХ-н сонгуульд нэр дэвшигчидтэй аймгийн сонгуулийн хороо хэрхэн холбогдож ажиллаж байгаа вэ?

-Хэнтий аймагт УИХ-ын 40, 41, 42 гэсэн гурван тойрогт 11 хүн нэр дэвшиж байна. Аймгийн сонгуулийн хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчдын үнэмлэх олгох, сурталчилгаанд ашиглах авто машин, тээврийн хэрэгслийг бүртгэж зөвшөөрөл олгох ажлуудыг хийлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн материал хүлээн авах, нэр дэвшигчийн үнэмлэх олгох зэрэг бусад харилцаа нь Сонгуулийн Ерөнхий Хорооны эрх үүрэгт хамаарч байгаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ