Богд Зонховын цутгамал дүр, танка зургийг анх удаа толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-05-21 10:28:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн музейн өдөрт зориулан гаргаж буй “Богд Зонховын зурмал намтар” үзэсгэлэн Богд хааны ордон музейд үргэлжилж байна.

 

Цастын мэргэдийн оройн чимэг, Манзуширын хувилгаан, хоёрдугаар ялгуусан бурхан Богд Зонхов нь Бурхан багшаас хойш бурхны шашинд гажуудаж буруудсан зарим нэгэн зан үйл ёсыг халж шинэчлэн, хурал сүм хийдийн үйл ажиллагааг хөгжүүлж, сүм дуганы зохион байгуулалт, лам хуврагуудын ёс зүй, явдал мөр, хурал номын дэг жаягийг бий болгон бурхны шашинд шинэтгэл хийсэн хүн юм.


Эл үзэсгэлэнд VIII Богд Жавзандамба хутагтын танка зургийн арвин цуглуулгаас Богд Зонховын намтрыг өгүүлсэн цуврал танка зураг болон Богд Зонховын алт шармал, гуулин цутгамал, хөөмөл дүр зэрэг нийт 40 гаруй сонирхолтой үзмэрийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байна.


Шарын шашны хамгийн алдартай лам Богд Зонховын агуу амьдралын түүхийг харуулсан 15 иж бүрэн намтар танка энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох сонин содон үзмэр болж буйгаараа онцлогтой. 1924 оноос хойш олон нийтэд дэлгэж байгаагүй уг үзэсгэлэнд "Богд Зонховын цогшин чуулганы орон" хэмээх эртний монгол ур шингэсэн бүтээл сонирхол татаж байв.

 

Тус музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Няммягмар хэлэхдээ, “Төв Азид нэр хүндтэй Богд хааны ордон танка /шороон дэлгэмэл/ цуглуулга ихтэй. Танка зураг нь шороон будгаар даавуун дээр торгоор хүрээлж зурсан байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд Богд Зонховын амьдралынх нь 200-гаад үйл явдлыг 15 зурагт багтаан урласан бүтээлүүдийг дэлгэж байна. Бүтээлийг цэцэг навч, бадамлянхуа, хувцас хунар, ур хийцээр нь 3-4 хүн хувааж хос давхар баяр үсэгтэй, улаан магнаг торгон дээр урласан гэж үздэг. Энэхүү торго нь Богд нарын үед Манжийн хаанаас бэлгэнд өгдөг маш тансаг торго юм. Торгоны гэлэн Богдын торгоны санд хадгалж байгаад нандин бүтээлүүдэд хэрэглэдэг байсан. Хүнд бурхны энергийг дамжуулж байгаа учир танка зургийг зурахад Богд Зонховын тарнийн бүтээлд сууж сар гаруй хугацаанд бие, сэтгэлээ ариусган бэлддэг ёстой” гэв.

 

Богд Зонхов 1357 онд Хөх нуурын "Зонх " хэмээх нэртэй газар мэндэлжээ. Богд Зонховын ээж нь Шинса-Ачой хэмээх төвөд, аав нь Даргач Лүмбүмгэ гэдэг монгол гаралтай хүн байв. Даргач гэдэг нь 10 гэрийн дунд нэг хүн даргалдаг Юань гүрний үеэс тогтсон уламжлал бөгөөд монгол гаралтай хүн даргалдаг байжээ. Энэ нь Хөх нуурын монголчууд юм. Богд Зонхов 41 насандаа хоосон чанарыг олсон гэж үздэг. Түүний 18 боть бүтээлээс хамгийн алдартай нь "Бодь мөрийн зэрэг" юм. 


Мөн "Тарнийн мөрийн зэрэг", дундад үзлийн 5 боть Мадхаямака нь маш алдартай. Зонхов Богдыг Манзуширын хувилгаан /оюун билгийнгэдэг. Тэрбээр 16 нас хүртлээ оюун ухааны тарни буюу ум арабазанади тарнийг маш олон удаа тоолж цамд суусан хэмээн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Няммягмар тодотгов. Мөн тэрбээр Богд Зонхов Санпу хийдэд номын хэлцэл хийсний дараа Янжинлхам бурхны тарнийг 100 сая удаа уншин улмаар Янжинлхам бурхантай уулзсан гэдэг хэмээн тайлбарлалаа. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. 


Тус музейн менежер Д.Энхбаяр хэлэхдээ, “Богд хааны ордон музей энэ онд дөрвөн үзэсгэлэн зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эхний үзэсгэлэнгээ  Цагаан сарын шинийн наймны өдөр цахимаар толилуулсан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийг мөн пэйж хуудсаараа олон нийтэд хүргэлээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан 7 дугаар сарын 11-нд ”Бурхан багшийн намтар танка” гурав дахь үзэсгэлэнгээ дэлгэх бол, Богд хааныг хаан ширээнд залсны 110 жилийн ойд зориулан 10 дугаар сарын 29-нд музейн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдээсээ дэлгэхээр төлөвлөсөн” гэдгийг тодотгосон юм.

 

    Манзушир тэргүүн бурхадтай уулзсан нь 

    Төвөдийн Домид хэмээх нутгаас Бригүнд зорчсон тухай

    Жэвзүн Рэндаваа ламаас гүнзгий номыг сонссон тухай

    Богд Зонхов номын дамжаа барих, дээдийн номыг шавь нартаа номлосон нь

    Богд Зонховын эцэг зүүдээр түүнтэй учирсан нь


Холбоотой мэдээ