“Буянт-Ухаа” буудал олон улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-20 18:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ хүлээн авлаа.


Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөрт манай улс хамрагдсанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нисэхийн салбарын үйл ажиллагааг дахин сэргээх ажлын хэсгийн гаргасан зөвлөмж, нисэхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын протоколтой уялдуулан зорчигчдод аюулгүй, ээлтэй үйлчилгээ үзүүлэгч нисэх буудалтай болохоо баталж байна. "COVID-19" цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй салбарын шилдэг туршлагыг бусад орны нисэх буудлууд хоорондоо хуваалцахад чухал ач холбогдолтой.




Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн нисэх буудал болсноор зорчигч, жуулчид "COVID-19"-ийн цар тахлын үед болон дараа нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын барилга байгууламжаар үйлчлүүлэхэд аюулгүй хэвээр байгаагийн баталгаа бөгөөд зорчигч иргэдийн эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу авч буй жуулчинд ээлтэй нисэх буудал болж байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ