Израил, Палестины мөргөлдөөнд монголчууд өртөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-19 10:04:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Израил, Палестины мөргөлдөөний улмаас хохирсон Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг ГХЯ-наас өнөөдөр мэдээлэв.


Мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Израил улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгч, Израил улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгдсэн байна.


Израйль Улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг бөгөөд нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг Истанбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байгаа аж. Гэхдээ дөрвөн иргэн эх орондоо буцах шалтгаан нь мөргөлдөөний нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоогүй гэдгийг ГХЯ-наас мөн мэдээлэв.


Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яам иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, яаралтай тохиолдолд ЭСЯ, Өргөмжит консултай холбогдохыг анхааруулаад байна.

Холбоотой мэдээ