Ирэх сарын нислэгийг хуваарийг гаргажээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-18 10:16:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс "COVID-19"-ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнтэй уялдуулах үүднээс гадаад орнууд руу хийх нислэгийг 6 дугаар сарын 1-нээс эхлэхээр төлөвлөж буй. Тэгвэл ИНЕГ-аас ирэх сард гадаад орнууд руу үйлдэх нислэгийн хуваарийг гаргаад байна. Энд нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг БНСУ, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөжээ.

Хамгийн эхний нислэгийг 6 дугаар сарын 3-нд Улаанбаатар-Будапештын чиглэлд "Хүннү Эйр" компани үйлдэх юм байна. Түүнчлэн 6 дугаар сарын 5-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд, 8-нд Токио руу үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК тус тус нисэх аж. Мөн "Хүннү Эйр" компани 6 дугаар сарын 9-нд Улаанбаатар-Алма-Аты чиглэлд нислэг үйлдэх хуваарь гарчээ. Цаашилбал:

  • 6 дугаар сарын 9-10-нд Улаанбаатар-Франкфуртын чиглэлд МИАТ ТӨХК, 
  • 6 дугаар сарын 10-11-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд "Кореан Эйр",
  • 6 дугаар сарын 11-16-нд Сөүл-Улаанбаатар МИАТ ТӨХК, 
  • 6 дугаар сарын 18-18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд "Asiana Airlines" тус тус нислэг үйлдэх нь. Мөн
  • 6 дугаар сарын 21-нд Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд "Аэро Монголиа",
  • 6 дугаар сарын 26-27-нд Стамбул-Улаанбаатарын чиглэлд "Туркиш Эйрлайнс" ниснэ. 




Манай улс өнгөрсөн хунацаанд гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27,753 иргэнийг эх орондоо татан авчээ. 



Нислэгүүдийн дээрх хуваарь нь "COVID-19" цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтойг мэдэгджээ. Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхааруулжээ.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж буй тул нислэгийн баталсан хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгч компаниудад шууд хандахыг зөвлөжээ. Монгол Улсыг зорин ирэх зорчигч иргэдийн хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг мөн зөвлөжээ. 

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, 2021 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар 34,553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27,753 иргэн, автозамаар 6,788 иргэн эх орондоо иржээ. 




Холбоотой мэдээ