ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороо цахимаар хуралдав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-18 07:38:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблей “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын үүрэг” үндсэн сэдвийн дор энэ сарын 24-28-нд цахимаар болно.


Уг хурлыг угтан ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны цахим хуралдаан энэ сарын 17-нд болсон бөгөөд Монгол Улсын парламентыг төлөөлж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр оролцов.


“Цаг ууртай холбоотой гамшиг, түүний үр дагавраас үүдэх аюул, хямралын эсрэг энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх парламентын стратегиуд” сэдвийн хүрээнд болж буй байнгын хорооны хуралдаанд ОУПХ-ны гишүүн орнуудын 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Хуралдаанаар хорооноос боловсруулсан “Цаг ууртай холбоотой гамшиг, түүний үр дагавраас үүдэх аюул, хямралын эсрэг энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх парламентын стратегиуд” тогтоолын төслийг танилцуулсан юм.


Энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, уур амьсгалын аюулгүй байдлын эрсдэлийг багасгах зорилгоор тулгамдаж буй асуудлуудад бэлэн байж, урьдчилан сэргийлэх стратегид хөрөнгө оруулахыг ОУПХ-ны гишүүн орнууддаа уриалахаар төсөлд тусгасан байна. Мөн Парисын хэлэлцээр, 2030 оны Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эмзэг, өртөмтгий бүс нутгуудад дэмжихийг урьтал болгох үүднээс цаг уурын аюулгүй байдлын эрсдэлийн эсрэг авах стратегийн хэрэгцээг хүлээн зөвшөөрөх, хүнсний бие даасан байдал, байгалийн нөөцийн удирдлага, гамшгийн эрсдэл зэрэг асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд НҮБ-ын систем болон бусад олон талт байгууллагууд, улс орнууд болон холбогдох бусад оролцогчдыг бэхжүүлэхийг ОУПХ гишүүн орнууддаа уриалахаар тусгажээ.


Түүнчлэн цаг уурын байдлаас үүдсэн шилжилт хөдөлгөөний талаар болон уур амьсгалын хямралын нөхцөлд дүрвэгсдийг хамгаалах талаар шуурхай шийдвэрлэх шаардлагатай ажлыг эрчимжүүлэх нь тус тогтоолын төслийн зорилго юм. Тогтоолын төсөлд уур амьсгалын өөрчлөлт болон түүний хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө нь олон улс бүх нийтээрээ хамт шийдвэрлэх нийтлэг тэмцэл гэж заасан байна.


Үргэлжлүүлэн оролцогчид энх тайван, аюулгүй байдалд үзүүлэх цаг ууртай холбоотой аюулын үр дагаврыг шийдвэрлэх парламентын ажлыг ОУПХ-ны “Цаг ууртай холбоотой гамшиг, түүний үр дагавраас үүдэх аюул, хямралын эсрэг энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх парламентын стратегиуд” тогтоол хэрхэн чиглүүлэх талаар санал солилцов.


Дэлхийн парламентуудын хооронд яриа хэлэлцээ явуулах боломжийг бүрдүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, улс үндэстнүүдийн хоорондын боломжийг бүрдүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, улс үндэстнүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой ОУПХ-нд Монгол Улс 1962 онд элссэн юм.

Холбоотой мэдээ