АХБ-наас 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах төсөл өргөн барив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-17 18:32:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сард батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь коронавируст цар тахалтай тэмцэх,нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлыг дэмжихэд оршиж байгаа юм. 


Нэмэлт, өөрчлөлтөөр 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэр авах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд:


1. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; 


2. КОВИД-19 цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх аж.


Энэхүү хөтөлбөрөөр 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллароор төсвийн дэмжлэгийн 2 хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх аж.


Зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 2 хувь байх аж. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.

Холбоотой мэдээ