Тэтгэврийн зээлгүй иргэдэд нөхөн олговор олгоход бэлэн болжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-11 12:14:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэтгэврийн зээлгүй байсан ахмад бүрд 1 сая төгрөг олгох мөнгө бэлэн болоод буйг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өчигдөр болсон Засгийн газрын 100 хоногийн тайланг танилцуулах уулзалт дээр мэдээлсэн. 

Тэрээр, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох нийт 216 тэрбум төгрөгийг энэ оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө мөнгөжүүлэх үүрэг даалгаврыг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд хуулиар хүлээж хугацаандаа бүрдүүлснийг мэдэгдсэн юм. Ингэснээр дээрх мөнгийг Нийгмийн даатгалын сангийн дансанд байршуулж, одоо 237.9 мянган иргэнд холбогдох дансаар шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Нэг ёсондоо Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд нөхөн олговор олгоход бэлэн болжээ. 


2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг УИХ 2020 оны 1 дүгээр сарын 10-нд батлан гаргасан. Ингэхдээ НДС-гаас тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэдийн 6 сая төгрөг хүртэлх зээлийн хэмжээг тэглэсэн юм. Тухайн үед 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Үүнтэй холбоотойгоор НДС-гаас тэтгэвэр авдаг зээл аваагүй иргэд болон 1 сая төгрөг хүртэлх зээлтэй байсан иргэдийн талаар мөн зохицуулах хууль гарсан. 



Нийтдээ 466.5 мянган ахмадад 911 тэрбум төгрөг зарцуулж байна. 




2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум төгрөг, 1 сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох талаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ "Эрдэнэс силвер" компанид дээрх хөрөнгийн эх үүсвэрийг мөнгөжүүлэх үүрэг даалгаврыг хуулиар олгосон юм. 

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хууль нь зөвхөн НДС-гаас тэтгэвэр авдаг иргэдэд хамааралтай. Энд зөвхөн өндөр настны тэтгэвэр гэлтгүй, тэжээгчээ алдсаны болон тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй болон цэргээс тэтгэвэрт гарсан иргэд болон ахмадууд орж байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 31-нээс хойш үнэт цаас эзэмшиж байгаа, нас барсан ойролцоогоор 9 мянган хүн байгаа тул тэдгээр иргэний ар гэрт нь нөхөн олговрыг өвлөн өгөхөөр зохицуулсан талаар мэдээллээ. Харин энд халамжийн сангаас тэтгэвэр авч буй иргэдэд хамааралгүй юм. 

Холбоотой мэдээ