Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 30 хувиар нэмэгдэнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-10 14:35:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ажлын эхний 100 хоногийн тайланг өнөөдөр танилцуулсантай холбогдуулан сэтгүүлчид асуулт хариулт авч байна. 


-Хүүхдүүдийг дархлаажуулалтад долоодугаар сарын 1-нээс дархлаажуулна гэж та хэллээ. Судлаачдын хэлж буйгаар, хүүхдүүдээ вакцинжуулахын тулд вакцинаа 2-3 сарын өмнө захиалах ёстой гэж байна. Тэгвэл долоодугаар сарын 1-нээс хүүхдүүдэд вакцин хийж амжих уу?


-Файзер компанитай холбоо тогтоосон бөгөөд долоодугаар сарын 1-нээс өмнө вакцин орж ирнэ. Худалдан авалтад ямар нэгэн асуудал гарахгүй. Өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн вакцины 80 хувийг нь арилжааны шугамаар худалдан авсан. Бид төсөвлөсөн дотоод нөөцөө ашиглан хүүхдүүдэд зориулж Файзерын вакциныг худалдан авна. Өнөөдрийг хүртэл вакцины худалдан авалттай холбоотой ямар нэгэн хүндрэл гараагүй байна. 


-Таныг анхны айлчлалаа БНХАУ-аас эхэлнэ гэж хэвлэлүүд онцолж байна. Үүгээр, төмөр замын төсөлтэй холбоотой асуудал яригдах уу?


-Нэгдүгээрт, экспортын ач холбогдолтой Гашуунсухайтын төмөр замыг ирэх оны долоодугаар сарын 1 гэхэд дуусгах ёстой. Хоёрдугаарт Зүүнбаянгийн төмөр зам. Гашуунсухайтын төмөр зам бол шууд хил рүү орж байгаа. Одоо Тавантолгойгоос нүүрсээ машинаар маш өндөр өртгөөр, удаан зөөж байгаа. Тиймээс төмөр замаар холбож чадвал нүүрсний экспорт даруй 30 хувиар нэмэгдэнэ. Одоо 60 ам.доллароор зарагдаж байгаа нүүрс 80-100 ам.долларын ашигтай болно. Хил дээр гараад 180, далайн гарцад очоод 230 ам.доллар болдог. Хэрэв бид нэмүү өртөг шингээж чадвал, зөвхөн Гашуунсухайтын төмөр замаас улсад орох татварын нэмжээ нэг дахин нэмэгдэх боломжтой гэж тооцоолсон. 

Зүүнбаянгийн төмөр замыг хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэж нэрлэдэг. Тус замыг тавих ажил Зэвсэгт хүчнийхний дэмжлэгээр амжилттай явж байна. Энэ төмөр зам тавигдсанаар, Гашуунсухайтаас гадна бусад боомтуудтай холбогдоно.

Гуравдугаарт, Богдхан төмөр зам нь Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Богд уулын эргэн тойронд явах дэд бүтэц шийдэгдсэнээр, агуулгын хувьд Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. 

Мөн Ханги-Мандлын төмөр замыг хөрөнгө оруулагчдад нээлттэй байхаар зарласан. Ингэснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бариад, ашиглаад, дараа нь төрд 51 хувийг нь шилжүүлэх байдлаар хамтран ажиллах боломжтой. 

2022 оны долоодугаар сарын 1 гэдэг амаргүй хугацааг товлосон. Тодорхой хугацаа тавьж ажлыг хариуцлагажуулах хэрэгтэй. Вакциныг эхний 100 хоногт багтаан эрчимжүүлэх тухай ярихад олон хүн санал зөрж байсан. Цаашид 100 төслийг хэрэгжүүлнэ гэхэд мөн л заавал тоо заах хэрэггүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ бол зайлшгүй хэрэгжих төслүүд учраас нэг өдрийн өмнө ч гэсэн адаглаад зураг төсөл нь хийгдээд урагшилж явах нь миний хувьд чухал. 


-МАН, МАХН нэгдэхээ зарласан. Тэгвэл МАХН-аас танай Засгийн газарт сайдаар хүн сэлгэх үү. Ер нь цаашдын 100 хоногт танай Засгийн газар хэр тогтвортой ажиллана гэж үзэж байгаа вэ?


-МАХН-тай 12 жилийн дараа МАН эргэн нэгдэж байна. Энэ нэгдэн нийлэх явцыг миний хувьд зөв гэж харж байгаа. Гэхдээ гэрээ хэлцэлд, ямар нэгэн сайдын суудал өгнө, авна гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоор хэлэлцээ хийсэн. Цаашид хоёр нам нийлээд үйл ажиллагаа явуулна гэсэн байр суурьтай байна. 

Ер нь улс төрийн нам дотооддоо хөгжиж, түүнээс сайн парламентын гишүүн төрснөөр зөв Засгийн газар байгуулагдах учиртай.

Түүх сөхвөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа Засгийн газрын тогтвортой байдлын асуудлыг хөнддөг. Тиймээс бид сонгодог парламентын тогтолцоо руу явах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ чиглэл рүү ахиц гарсанд туйлын талархалтай байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан. Ингэснээр, урт хугацааны хөтөлбөрүүд зогсож том төслүүд байхгүй болсон байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гурван Ерөнхий сайд байсан. Тэгэхээр том төслийн концепц эвдэгдэж асуудалд ордог.

Холбоотой мэдээ