Мод тарих өдрөөр хүүхдүүд зургийн үзэсгэлэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-05-10 11:29:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих өдөр амралтын өдрүүдэд болж, Хөвсгөл аймгийн дунд сургуулиудын сурагчид энэ өдөр "Модны үнэ цэн, ач тус" сэдвээр гар зургийн үзэсгэлэн гаргаж 40-өөд зургаар оролцлоо. 

Үзэсгэлэнгийн өмнө хүүхдүүд "Модны үнэ цэн, ач тус" сэдвээр гар зургийн уралдаанд оролцсоноос аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Уянгацэцэг, “Авьяас” сургуулийн 8 дугаар ангийн сурагч А.Энх-Ундрал нар тэргүүлсэн юм. Уралдаанд оролцсон нийт сурагчийг хашаандаа сайхан төгөлтэй болоорой хэмээн уралдааныг зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн түншлэлийн "Амгалан дэлхий" ТББ болон бусад байгууллага жимсний бут, хайлаас бэлэглэжээ. Тус ТББ хүүхдийн орчинг моджуулах төсөл бүхий  аяныг аймгийн төрөлжсөн сургалттай "Авьяас" сургуулиас эхэлж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд тус сургуулийн эцэг, эх, сургууль төгсөгчдийн хамт 900 мод тарив. 


Харин аймгаас зохион байгуулж буй 2024 он хүртэл үргэлжлүүлэх аянаар 1 сая мод тарьж, арчлан тордож ургуулахаар зорьж байна. Тус аймагт сүүлийн 5 жилд 120 орчим мянган мод бут суулгасан ч иргэд модоо арчлан тордож ургуулах мэдлэг, мэдээлэлгүйн улмаас үр дүн багатай байгаа аж. Иймээс “Ногоон суварга” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд, ААН-ийнхэнд мод тарьж ургуулах талаар мэдээлэл, зөвлөгөө тогтмол өгч ажиллахаар боллоо. 




Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Их-Уул, Жаргалант сумын газар нутгийн 70-80 хувь, Галт, Мөрөн, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Тосонцэнгэл, Баянзүрх, Рашаант сумын нутгийн 25-43 хувь нь цөлжилттэй, газрын доройтолд орсон тухай судалгааны дүн гарсан учраас  “Ногоон суварга босгоё”  аяныг өрнүүлэхээр болсныг аймгийн удирдлага мэдэгдэж байна.

"Амгалан дэлхий" ТББ-ын тэргүүн Д.Даваадулам хэлэхдээ, "Мод тарихад ихээхэн  хөрөнгө мөнгөтэй байж хэн нэгэн “өглөгийн эзэн” ирж хийнэ гэж хүлээвэл гэнэн хэрэг юм. Энд зүгээр л айл болгон хашаандаа хүүхдийнхээ тоогоор мод тарьж, байгууллага болгон мод суулгая. Ургахгүй нь, болохгүй нь гэж хэлэх эрх хангай нутгийнханд байхгүй юм” хэмээн онцоллоо.




Тэрээр, төслийн хүрээнд тус ТББ Хөвсгөл аймагт 1000 мод хандивлаж, цаашид орон нутгийн иргэдийг  модоо тарьж үржүүлэхэд зориулж биологийн ухааны доктор, Байгаль орчны гавьяат ажилтан, дендерлогич Н.Чимидийн “Хажуу газар ургадаг хайлаас мод” зөвлөгөө бүхий төслийн ажлыг  “Авьяас” сургуульд гардууллаа. Төслийг хамтран хэрэгжүүлэгч төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулийн нийгмийн ажилтан Г.Батцэцэг ярихдаа, “Хүүхдүүдэд мод үржүүлгийн тухай мэдлэг олгох, байгаль орчноо хамгаалах ажилд уриалахдаа хэлээд өнгөрөхөөс илүү томчууд өөрсдөө мод тарьж үлгэрлэн харуулж байгаа нь үр өгөөжтэй.





Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилсан хөтөлбөрийн хүрээнд “Амгалан дэлхий” ТББ-ын дэмжлэгээр сургуулийнхаа хашаанд 900 ширхэг хайлаас суулгалаа. Ингэж мод тарьж, үрсэлгээ суулгах нь хүүхдүүдэд байгалийн ухааны хичээлээр заалсгаснаа бодитоор мэдэрч сурах боломж олгож байна. Сургуулийн орчин ийнхүү хүүхдэд ээлтэйгээр тохижиж байгаад багш, ажилчид талархан хүлээн авч идэвх санаачилгатай оролцож байна” гэлээ. Мод тарих өдөр тус сургуулийн 1992 оны 8 В ангийг төгсөгчид мөн оролцож, сургуульдаа хандив өргөлөө. 




Холбоотой мэдээ