Булган сумыг “Ногоон хот”-ын жишиг загвараар төлөвлөж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-05 11:04:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн явц, шийдэл, саналын тухай асуудалтай танилцлаа.

Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Сонголт дизайн” компани гүйцэтгэж, хотын хөгжлийн алсын хараа нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон стратеги бүхий аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хөгжсөн, эдийн засгийн хувьд бие даасан, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн ногоон хот болно гэж төлөвлөж байна.

Аймгийн ГХБХБГ-ын хэлтсийн дарга Б.Ганзориг:

- Булган сумын төлөвлөлт 60 га талбайд байсан. Энэ төлөвлөлтөөр нэмэгдүүлж мянга гаруй га нутаг дэвсгэрийг хамруулан хийж байна. Булган сумын төлөвлөлт ногоон хотын жижиг загвараар явж байгаа гэлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган хотын суурьшлын бүс, төлөвлөлтийн хилийг 2039 он хүртэл 1081 га байх, хотын үндсэн бүсүүдийг тогтоох, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг норм стандартад нийцүүлэн дунджаар дөрвөн шоометрт хүргэх, барилгын давхрын дээд хязгаар 5-6 давхар байх зэрэг саналыг дэмжсэн байна. Мөн дулааны шинэ эх үүсвэр, халдвартын эмнэлэг, хорих газар, мал эмнэлгийн лаборатори зэргийг хотын төвөөс гаргах шийдлийг зөвшөөрлөө.

Холбоотой мэдээ