Булган суманд сэжигтэй тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-04 17:31:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн мэдээллээ хийлээ.

Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд нийт 95 тохиолдол бүртгэгдсэнээс Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөрт 27, Тэшигт зургаа, Орхонд долоо, Бүрэгхангайд /”Бүрдэл майнинг” компанид/ тав, Бугат, Баян-Агт суманд тус бүр нэг байна. Эдгээр тохиолдлын 77 нь PCR шинжилгээгээр, 17 нь эмнэл зүйгээр батлагдаж, нэг нь Баян-Агт суманд зөөвөрлөгдсөн байна. Одоогоор эмчлүүлж буй 16 хүний биеийн байдал хөнгөн байна. Коронавирусний халдвар авсан хүмүүсээс 79 нь эдгэрчээ. Орхон, Тэшиг суманд халдвар авсан иргэд эдгэрч ногоон бүс рүү шилжсэн байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:

- Булган суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдлыг PCR шинжилгээгээр баталгаажуулна. Тийм учраас ард иргэдийн дунд халдвар авсан хүн байх магадлалтай учир үйлчилгээний газраар зай бариагүй үйлчлүүлсэн хүмүүс анхааралтай байх хэрэгтэй. Булган сумын “Нутгийн зоог” хоолны газар, “Нутгийн дэлгүүр”, “Анар” дэлгүүрийн хувьд сэжигтэй тохиолдлын харьцагч бүртгэгдсэн тул урьдчилан сэргийлэх үүднээс анхааруулж байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй тохиолдлын харьцагчдыг тодорхойлохоор аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллага ажиллаж байна гэлээ.

Холбоотой мэдээ