Ж.Дэлгэрмаа: “Үндэсний бичигтэн аймаг” болох хөдөлгөөн өрнүүлэн бүх нийтийн эх хэлний боловсролд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-04 15:08:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Ж.Дэлгэрмаатай  цахимаар холбогдон ярилцлаа.


-Говь-Алтай аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Салбар зөвлөлийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу? 

-Манай аймаг Хэлний бодлогын салбар зөвлөлөө энэ оны хоёрдугаар сард шинэчлэн байгуулсан. Аймгийн Засаг даргын орлогч, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга, БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн Монгол хэл, бичгийн зөвлөх багш, “Алтайн мэдээ” сонины эрхлэгч, “Алтай” радиогийн сурвалжлагч нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, салбар зөвлөлийн ажиллах журмыг баримтлан ажиллахын зэрэгцээ харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд “Монгол хэлний тухай хууль”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон бусад эрх зүйн актуудыг хэрэгжүүлэх, хяналт тавих, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ард иргэдийнхээ эх хэлний боловсролыг нэмэгдүүлэх, монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх ач холбогдолтой юм.

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна? 

-Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэсний бичиг үсгийн баярыг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгагдсан байгаа. Үүний хүрээнд төрийн албан хаагчдын түвшин тогтоох сорилго, сайхан бичигтэн иргэн, албан байгууллага шалгаруулах уралдаан, цахим орчинд үндэсний бичгээрээ бичих аян зэргийг зохион байгуулж байна. Мөн аймгийн Засаг даргын 2021 оны 01 тоот албан даалгаварт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг төрийн албан хаагч, иргэдийг хамруулан тэмдэглэн өнгөрүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгасан учраас сум бүр тодорхой ажил зохион байгуулж байгаа бөгөөд тайлангаа энэ сардаа багтаан ирүүлэх юм.

-Манай аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?

-Говь-Алтай аймгийн Засаг даргын “Үндэсний хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх тухай 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/63 тоот захирамжийн дагуу бүх шатны Засаг дарга, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд 3 дугаар сарын 1-нээс эхлэн албан хаагчдынхаа монгол бичгийн чадварыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Үүний хүрээнд  аймгийн хэмжээнд 4200 гаруй төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг чадварын судалгаа гаргаж, анхан болон ахисан түвшний сургалтуудыг 130-аад багштай хамтран зохион байгуулаад явж байна. Одоогоор "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургалтуудаа цахим хэлбэрээр үргэлжлүүлж байна. Анхан шатны сургалтад хамрагдаж байгаа албан хаагчид зургаадугаар сараас дараагийн түвшинд дэвшин суралцах төлөвлөгөөтэй байгаа. 2021 ондоо багтаан төрийн албан хаагчдаа 3 үе шаттайгаар сургахаар боловсон хүчний бэлтгэл нэлээд хангагдана гэж үзэж байна.

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ахиц гарч чадаж байна уу?

-Төрийн алба, иргэд, сурагчдын зөв бичих зүй нэлээд цэгцэрсэн байх. Нэг үгийг олон янзаар бичээд яг аль хувилбар нь зөв эсэхэд их эргэлздэг байсан бол одоо журамласан толио л барьдаг болсон. Төрийн алба хаагчид гар утасны “Журамласан толь” аппликейшнийг сайн ашиглаж байгаа. Харин ЕБС-ийн тухайд монгол хэлний кабинетад толь бичиг хомс байдаг, нэг ангийн сурагчдад бүрэн хүрэлцэхүйц тооны толь бичиг байвал хичээл сургалт илүү үр дүнд хүрнэ. 

-Говь-Алтай аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна вэ? 

-Салбар зөвлөл төлөвлөгөөндөө тусган аймгийн орон нутаг судлах музей, нийтийн номын сантай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилийн тухайд орон нутгийн нийтийн номын сан, соёлын төвийн музейн ажилтан, сургуулийн монгол хэл, уран зохиол, түүхийн багш нар хамтран тухайн оршин амьдарч буй газрынхаа бичиг үсэг, соёлын дурсгалыг бүртгэх, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан. Үүнд Тонхил, Шарга, Тайшир сумынхан манлайлан оролцсон. Цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

-Тодорхой түвшинд биелсэн гэж үзэж байгаа. Эх хэлний өдрийн хүрээнд явуулсан сарын аяныг монгол хэл бичгийн багш нартаа түшиглэн зохион байгуулсан. Багш нар маань сум сургууль бүртээ үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар настан буурлууд, хүүхэд залуусаа хамруулан олон сайхан ажил зохион байгуулж цахим сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэсэн.

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр Говь-Алтай аймгийн хэмжээнд монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү? 

-Нэмэгдсэн. Энэ жилийн тухайд 3-6 дугаар сар хүртэлх хугацаанд аймгийн томоохон барилга байгууламжийн хананд тухайн байгууллагын хаягийг үндэсний бичгээр гэрэлтдэг байдлаар бичиж байршуулах аяныг өрнүүлээд байна. Мөн байгууллагын албан өрөө тасалгааны хаягийг дан болон хосолмол байдлаар бичиж байршуулах ажил хийж байна. Ингэснээр бичгийн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэхэд чухал алхам болж чадаж байгаа. 

-Ер нь сүүлийн жилүүдэд иргэдийн эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Аймгийн Засаг дарга “Үндэсний бичигтэн аймаг” болох хөдөлгөөн өрнүүлэн бүх нийтийн эх хэлний боловсролд анхаарч, хүний хөгжилдөө томоохон ахиц гаргаж байгаад бахархалтай байна. Энэ үйл ажиллагаанд эх хэлний багш нар түүчээлэн оролцож, гол хөдөлгөгч хүч болон ажиллаж байгаа. Шат шатандаа ийнхүү ажиллаад, сэтгэл гаргаад ирэхээр хүмүүсийн хандлага сайжирч, сурч мэдэх хичээл зүтгэлтэй болдог юм байна. 

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ