Зөөврийн хайрцгаар сонгууль өгөх бол 5 хоногийн өмнө хүсэлтээ хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-20 09:09:47

УИХ болон аймаг, Нийслэлийн 2016 оны сонгууль энэ сарын 29-нд болно. Гэхдээ зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчид нэг өдрийн өмнө саналаа өгөхөөр хуульчилжээ.

Тодорхой шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, энэ 7 хоногт багтаж сонгогч санал өгөх хүсэлтээ хүргүүлсэн байх аж.

Сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна. 

Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэн гэдэгт эрүүл мэндийн шалтгаантай, эсвэл нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, баривчлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хоригдсон гэх зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүс орж буй. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авах гэнэ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ