“Сэлэнгэ” үхрийн үйлдвэрлэл, үржил селекцийн ажлыг эрчимжүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-27 16:07:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн брэндийн нэг “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн үйлдвэрлэл, үржил селекцийн ажлыг эрчимжүүлэхээр аймгийн Засаг дарга шийдвэрлэлээ. “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг цус сэлбэж, гарсан үржлийн өсвөр үхрээр цөм сүрэг бүрдүүлэх, хавар, намрын үзлэг, ангилалтаар үржлийн сайжруулагч бэлтгэн борлуулах ажлыг зохиогчийн зөвшөөрөл, хяналттайгаар гүйцэтгэхийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сэлэнгэ, Хангал, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг сумын Засаг дарга нарт даалгалаа.

“Сэлэнгэ” үхрийн үржлийн бүртгэлийг цаг хугацаанд нь шаардлагын дагуу бүрэн хөтлүүлэх зорилгоор Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газарт үржлийн тоо бүртгэгч ажиллуулахаар болсон байна.

- Жилд дунджаар 50-60 бухан бяруу, 200-300 үнээг үржлийн сайжруулагчаар борлуулдаг. Сүүлийн жилүүдэд “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн биологи, аж ахуйн ашигтай шинж тэмдгүүдийг бататган сайжруулах, цус сэлбэх талаар тодорхой ажил хийж байгаа. Үржил селекцийн ажлын үр дүнд гарсан өсвөр малыг хяналтгүйгээр борлуулах, цөм сүргийн бүтцийг сайжруулахад таагүй нөлөөлөх хандлага байгаа учир аймгийн Засаг дарга энэ үхрийн үйлдвэрлэл, үржил селекцийн ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан гэж “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн зохион бүтээгчдийн нэг, төрийн шагналт мал зүйч О.Мэдэхгүй ярилаа.

Тус аймагт “Сэлэнгэ” үхэр нийтдээ 25,0 орчим мянган толгой байна.

Холбоотой мэдээ