Ж.Байгалмаа: Вакциныг эрчимжүүлэх үед халдварын тархалт их байвал вирус мутацлагдах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-27 12:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад сүүлийн долоо хоногт “COVID-19” халдварын тархалтын зарим үзүүлэлт тогтворжиж, буурчээ.


ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагийн мэдээлснээр, халдварын эх үүсвэрийг илэрхийлэх үзүүлэлтүүд төдийлөн буураагүй ч хүндрэлийн үзүүлэлтүүд мөн тогтворжиж, буурч байна.


Тэрбээр, “Халдварын тохиолдлын тоо өдөрт 1000-аас буурахгүй байгаа ч тодорхой үзүүлэлтүүд тогтворжиж ирсэн. Цаашид энэхүү үр дүнгээ хадгалахад хугацаа шаардлагатай. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол халдварын тохиолдол өдөрт 2000, түүнээс дээш бүртгэгдэх  байсан. Тиймээс  хөл хорионы хугацаанд тухайн тоог барьж байна гэсэн үг юм. Эхний ээлжинд халдварын тоо тогтворжиж байгаад хөл хорионы хугацаа уртсах тусам өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо багасна гэж тооцож байгаа. Энэ долоо хоногийг дуусгаад дахиад хугацаа харна. Дараагийн долоо хоногт өөр үр дүн гарна гэдэгт найдаж байна. Тиймээс иргэд хөл хорионы ач холбогдлыг ойлгон, цар тахлыг даван туулахад хамтарч ажиллахыг хүсэж байна” гэв.


Түүнчлэн дархлаажуулалтын ажлыг эрчимтэй явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод дүүргээр авч үзвэл 38-73 хувьтай байгаа аж.


Хөл хорио нь эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, хариу арга хэмжээний нөөц чадавхаа тооцоолох, бүрдүүлэх, вакцинжуулалтын үр дүнг хадгалах ач холбогдолтой. Мөн вакцинжуулалтыг эрчимжүүлэх үед халдварын тархалт их байх нь вирусний мутаци үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн Улаанбаатар хотоос аймаг, орон нутаг руу халдвар цаашид үргэлжлэн тархахаас сэргийлэх үр дүнтэй. 


Хязгаарлалтын дэглэмийг цуцалсны дараа халдварын дараагийн давалгаа гардаг учраас хөл хориог үе шаттай бууруулах хэрэгтэйг тэрбээр тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ