АНУ, Хятад, Энэтхэгт 500 сая гаруй тун вакциныг хийжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-26 12:05:53

МОСКВА. /TASS/. Дэлхий дахинд нийт нэг тэрбум гаруй тун вакцин таригдсанаас тал гаруй нь АНУ, БНХАУ, Энэтхэгт хийгджээ.

Дэлхий даяар хэрэглэгдсэн коронавирусний вакцины тунгийн хэмжээ нэг тэрбум давснаас АНУ-д 225 сая, БНХАУ-д 216 сая, Энэтхэгт 141 сая тун вакциныг тус бүр  тарьсан байна. 

Нийт хэдэн хүн вакцин хийлгэсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Одоогоор дэлхий даяар коронавирусний нийт 8 вакциныг эргэлтэнд оруулжээ. Үүнд Оросын "Спутник V", "Эпиваккорон", Америкийн “Pfizer”,  Германы “BioNTech” компанийн гарган авсан вакцин, Их Британи Шведийн “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакцин, Хятадын “Sinovac” болон “Sinopharm”, Америкийн “Moderna”, “Johnson & Johnson” компанийн вакцинууд багтжээ.

Хүн амын вакцинжуулалтын хувиар 70 хувь нь эхний тунг, 55 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн Израил тэргүүлж байна. Сейшелийн арлуудад энэ үзүүлэлт арай бага байгаа бол АНЭУ гуравдугаарт жагсаж байна. Тус улсад иргэдийнх нь 52 хувь нь вакцины дор хаяж нэг тунг хийлгэсэн бол 40 орчим хувь нь хоёуланг нь хийлгэсэн аж.

ОХУ-д 11.1 сая гаруй хүн вакцины эхний тунг, 6.8 сая хүн хоёр дахь тунг хийлгээд байна гэж тус улсын Шадар сайд Татьяна Голикова мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ