Израилд сүүлийн 10 сарын хугацаанд анх удаа нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-24 11:39:28

ЛОНДОН. /BBC/. Вакцинжуулалтын аян эрчимтэй явагдаж буй Израилд халдварын улмаас нас барсан тохиолдол сүүлийн 10 сарын хугацаанд анх удаа бүртгэгдээгүй байна.


Израилын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш нас барсан нийт 6346 тохиолдол бүртгэгджээ.


Хамгийн сүүлд Израилд цар тахлын эхний давлагааг хязгаарлах тусгаарлалтын арга хэмжээ хэрэгжсэний дараа буюу өнгөрсөн оны 6 дугаар сарын эцсээр халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.


Өнгөрсөн нэгдүгээр сард халдварын тохиолдол дахин дээд цэгтээ хүрч улмаар буурчээ. Коронавирусний вакцинжуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах болсноос хойш нэг сарын дараа Израилын Засгийн газар тусгаарлалтын арга хэмжээг сулруулж эхэлсэн байна. 


Вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлж буй Израилд пүрэв гарагт вакцин хийлгэсэн нийт хүний тоо таван саяын босгыг давжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 9,2 сая хүн амтай Израил улсын иргэдийн 53 хувь нь вакцины хоёр дахь тунгаа хийлгээд байгаа аж.


“Энэ бол Израилын эрүүл мэндийн тогтолцоо, иргэдийн хувьд томоохон ололт амжилт юм. Бид хамтдаа коронавирусийг үндсээр нь устгаж байна” хэмээн Израилын Эрүүл мэндийн сайд Йоэль Эдельштейн мэдэгджээ.


Түүнчлэн Израилын хамгийн том эмнэлгийн захирал Эял Лешем өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, манай улсад сүргийн дархлаа тогтоход ойрхон байна гэжээ.

Холбоотой мэдээ