С.Амарсайхан: Спутник-V вакциныг татан авах хуваарийг эцэслээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-23 19:11:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-Хөл хорионы хугацаанд аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих вэ?

-Шадар сайд С.Амарсайхан: Иргэн, аж ахуйн нэгжүүдийн ажил амаргүй нөхцөлд жил гаруй боллоо. Засгийн газраас бүх боломжит хэлбэрээр шаардлагатай дэмжлэгийг олгохоор хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, эрчим хүч, дулааны төлбөрийг нь чөлөөлөх, 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүллээ. Цаашид энэ арга хэмжээнүүд үргэлжлээд явна. Харамсалтай нь хаврын ид бүтээн байгуулалтын үед хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Цаашид Засгийн газрын бодлого бүх л чиглэлээр эдийн засаг, нийгмийн бодлогоо зогсоохгүй байхад анхаарч арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. 


-Хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох уу?

-Шадар сайд С.Амарсайхан: Хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. Өмнө нь хөл хорио тогтоох үеэр, Оюутолгой компанийн төлөх ёстой байсан татварын орлогоос иргэддээ тус бүр 300 мянган төгрөг хуваарилсан.


-Засгийн газраас "Карентин-14" нэвтрүүлэгт 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон гэх мэдээ цахим орчинд гараад байна. Үүнд албан ёсоор тайлбар өгнө үү?


-ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг: Тус нэвтрүүлэгт  татвар төлөгчдийн мөнгөөр санхүүгийн дэмжлэг олгосон асуудал огт байхгүй. Засгийн газарт УИХ-аас төсөв баталж аудит хянадаг. Өнөөдөр тухайн нэвтрүүлгийг гаргаж буй телевизийн удирдлагууд мэдэгдэл гаргахдаа, томоохон татвар төлөгч аж ахуйн нэгжийн дэмжлэгээр, хөл хорионы үед нийгмийн сэтгэлзүйд үзэх, харах контенттой байлгах үүднээс бэлтгэж буйг мэдээлсэн. Засгийн газар үүнд ямар ч санхүүжилт олгоогүй. 


-Спутник-V вакцины нэг сая тун худалдан авах гэрээ байгуулснаас хойш хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна?


Шадар сайд С.Амарсайхан: Вакцины гэрээг хийсэн бөгөөд татан авах хуваарь эцэслэгдээгүй. ОХУ-аас тодорхой хуваарь ирүүлсний дараа татан авахаар бэлдэж байна. Ойрын хугацаанд татан авах бололцоо бүрдэнэ гэж найдаж байна. Татан авах, худалдан авах ажиллагаа амаргүй нөхцөлд явагдаж байгаа ч Засгийн газар, УОК-оос аль болох вакцины нийлүүлэлтийг таслахгүй байхад анхаарч байна. 

Холбоотой мэдээ