Монгол Улсад мутацид орсон коронавирусний хувилбар бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-23 18:26:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусний мутацид орсон хувилбараар  халдварласан тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн гурав, хүн амын дунд хийсэн тандалтаар хоёр хүн, нийт таван иргэнд Английн мутацид орсон коронавирусний хувилбар илэрсэн байна. Энэ нь хатуу хөл хориог ирэх сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах нэг шалтгаан болж буйг Шадар сайд мэдээллийнхээ үеэр тодотгосон юм. 


Турк улсаас ирээд 10 хонож байгаа гурван иргэний хувьд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Мөн хүн амын дунд хийсэн тандалтаар, хоёр хүнээс мутацид орсон коронавирусний хувилбар илэрсэн нь тус вирус хүн амын дунд өргөн тархсан гэж үзэх үндэслэлгүй байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр мэдээлэв. 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Хөл хорионы үед халдвар тархах эрчим буурах ёстой. Сүүлийн сар гаруйн хугацаанд халдвар авсан хүмүүс хүндэрч эмнэлгийн тусламж эрчимт эмчилгээ болон хүчилтөрөгчийн хэрэгцээт байдал руу шилжиж байна. Үүнийг дагаад нас баралт огцом нэмэгдсэн. Ялангуяа 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүс хүнд өвдөж байсан бол одоо идэр насныханд өвчлөл хүндэрч, богино хугацаанд эрчимт эмчилгээнд шилжих тохиолдол нэмэгдсэн. Тиймээс хөл хориог 14 хоног сунгах саналыг ЭМЯ-наас гаргасан" хэмээлээ. 

Холбоотой мэдээ