Үйлдвэрлэлийн ослын 18 хувь уул уурхай, олборлох салбарт гарч байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-04-21 14:05:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н сарын аян энэ сарын 1-нд эхэлж, улсын хэмжээнд үргэлжилж байна. Аяны хүрээнд "COVID-19" цар тахлын нөхцөлд ХАБЭА-н сургалт, хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж, ХАБЭА-н талаар гарсан судалгааг мөн онлайн хэлбэрээр танилцуулж байна. 

Судалгаагаар үйлдвэр, ААН, байгууллага бүр үр дүнд суурилсан ХАБЭА-н сургалтын тогтолцоог нэвтрүүлэх, ажлын тусгай хувцасны чанарыг сайжруулах, осол аваарь, аюулыг мэдээлж хянах хяналтын хуудас нээн хэрэглэж, энэ талын мэдээллийг бичсэн ажилтан, ажилчдыг урамшуулж байх хэрэгтэй байна санал их  гарчээ. Мөн судалгаагаар манай улсад гарч буй үйлдвэрийн ослын ерөнхий шалтгаан нь:

  • ААН, байгууллага ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй, энэ талын дотоод хяналт байдаггүй, 
  • Ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийдэггүй, ажилчин ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгааг эрсдэлд суурилж өгдөггүй, 
  • ААН, компани ажилтан, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, үзлэгийн мөрөөр тодорхой үйл ажиллагаа авч явуулдаггүй, сувилуулах, эмчлүүлэх ажлыг зохион байгуулдаггүйгээс ихэвчилэн осол гарч байна гэжээ. 



Сүүлийн 10 жилд манай улсад жилд дунджаар 369 осол гарч, мөн дунджаар 404 хүн үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд өртөж, 70 орчим хүн нас барж байсан тоо мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд өдөрт нэг осол гарч, 1-2 хүн өртөж, 5 хоногт 1 хүн ХАБЭА-н байдлаас болж эндэж иржээ. 

Тодруулбал, 2016 онд улсын хэмжээнд үйлдвэрийн осол, хурц хэлбэрийн нийт 332 тохиолдол бүртгэж байснаас уул уурхай, олборлох салбарт нийт ослын 18 хувь буюу 61 тохиолдол гарч байжээ. 2017 онд мөн 330 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс уул уурхай, олборлох салбарт 55 бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 288 буюу 86.7 хувь нь үйлдвэрлэлийн осол, 44 буюу 13.3 хувь нь хурц хордлого байжээ. 




Монголын Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо (MOSHPA) болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хийсэн судалгаагаар олон улсад хэрэгжүүлж буй ХАБЭА-н “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” үзэл баримтлалыг манай улсад нэвтрүүлэх талаар түлхүү санал гарчээ. Энэ нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага, арга зам бөгөөд хөдөлмөрийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал (Safety), Хөдөлмөрийн эрүүл мэнд (Health), Хөдөлмөрийн таатай байдал (Wellbeing) гэсэн 3 чиглэлийг нэгтгэж багтаасан ойлголт юм. Олон улсын нийгмийн хамгааллын ассоциацийн боловсруулсан “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хэмээх энэхүү үзэл баримтлал, стратеги нь уян хатан бөгөөд түүнийг аль ч салбарын онцлогт нийцүүлэн тохируулан хэрэглэж болдог аж.

“Vision Zero” хөдөлгөөн анх Шведед үүссэн. Тус хөдөлгөөний суурь зарчмууд болох “Долоон алтан дүрэм”-тэй. Герман улс уг хөдөлгөөнийг уул уурхайн салбартаа нэвтрүүлж хэрэгжүүлж, улмаар 2014 онд Германы Франкфурт хотноо ХАБЭА-н талаар зохион байгуулсан Олон улсын Их хуралд оролцогчид “Vision Zero” хөдөлгөөнд нэгдэх, бүх салбарт нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах үндсэн эрмэлзэл мөн гэдэгт санал нэгджээ. Одоогийн байдлаар “Vision Zero” хөдөлгөөнд 90 гаруй улс орон, 640 орчим компани нэгдээд байна. 

Ташрамд дурдахад, манай улс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021”-ыг энэ жил "Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя, ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье" уриан дор зохион байгуулж байна. 


Холбоотой мэдээ