Б.Нандинцэцэг: Толь бичиг, олон төрлийн платформуудыг ашиглан номын тэмдэглэлээ монгол бичгээр хөтөлдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-21 13:35:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Хоёрдугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б.Нандинцэцэгийг зорин очиж ярилцлаа. Учир нь тэрээр Сүхбаатар аймгийн шилдэг уншигчийг шалгаруулах “Судар эгшиглэн” уралдаанд оролцож байгаа бөгөөд уншсан номынхоо тэмдэглэлийг үндэсний монгол бичгээрээ хөтөлж байгаа нь цахим орчинд олны анхаарлыг ихээр татаад байгаа юм.

-Өдрийн мэнд хүргэе. Шилдэг уншигч уралдаанд оролцохоор бүртгүүлснээсээ хойш хэчнээн ном уншив. Яг одоо ямар ном уншиж байна?

-Нийт уншигчдадаа мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Би он гарсаар таван ном уншсан. Миний хувьд өдөр бүр 5, 10 хуудас ном уншихыг хичээдэг. “Судар эгшиглэн” төслийн хүрээнд ном унших цагаа илүү нэмэгдүүлэн уншиж байгаа. Одоогоор Майк Викингийн “Аз жаргалын нууц” номыг уншиж байгаа. Сүүлийн үед аудио ном сонсож байна.

-Уншсан бүх номынхоо тэмдэглэлийг монгол бичгээр хөтөлдөг гэсэн. Яагаад монгол бичгээр хөтлөхөөр болсон юм бэ?

-Монгол хүн бүр үндэсний бичгээрээ бичдэг, уншдаг байгаасай гэж би хүсдэг. Үндэсний бичгээрээ ч тэр, кирилл бичгээрээ ч тэр алдаагүй цэвэр бичдэг, хаана ч очсон төрөлх улсынхаа хэлийг илүү мэдэж, гайхуулдаг байгаасай гэж боддог. Миний хувьд үндэсний бичгээрээ дамжуулан бусдад уриалж, монгол бичгээрээ бичихийг хүсч байгаа хүмүүстээ урам өгөхийг зорин тэмдэглэлээ хөтөлж байгаа. Энэ маань ч хүмүүст их таалагдаж байгаа юм шиг байна лээ, бас санаа авсан хүмүүс ч байгаа гэсэн.

-Монгол бичгээр бичихэд цаг хугацаа илүү орж байна уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Илүү нухацтай хандаж, тэмдэглэлээ хөтөлж байгаа. Миний хувьд өөртөө маш том зорилго тавьж тэмдэглэлээ хөтөлж байгаа учраас илүү их цагийг зарцуулдаг. Ингэхээр миний монгол бичгийн мэдлэг ч дээшилнэ гэж бодож байгаа.

-Бичиж мэдэхгүй үг, дүрэм гарч ирэх тохиолдолд яах вэ?

-Эхлээд өөрөө эрж, хайгаад үнэхээр мэдэхгүй, эргэлзсэн асуултынхаа хариултыг багшаасаа авдаг. Багш маань ч маш хурдан ойлгомжтой хэлж өгдөг. Эрэл хайгуул хийхдээ ихэвчлэн монгол хүний бүтээсэн, бэлтгэсэн хичээл, платформыг ашигладаг. Монгол хүн бүрт үндэсний бичгээ сураасай, мэдэхгүй үгээ гар утаснаасаа хайгаасай гээд маш олон төрлийн платформууд байна. Тэр болгоныг туршиж, хэрэглэж байгаа. Мөн мэдэхгүй үгээ толь бичгээсээ хараад, түүнийгээ бичих замдаа нүдлэн тогтоодог.


-Чиний хувьд хэддүгээр ангиасаа монгол бичиг үзсэн бэ, ер нь монгол бичгийн чудвараа дээшлүүлэхийн тулд хэрхэн суралцдаг вэ?

-Би 6-р ангиасаа монгол бичиг үзэж эхэлсэн. Аав, ээж хоёр маань монгол бичгээр бичдэг. Бичсэн үгийг нь дагаж бичиж, их нухацтай хардаг байсан. Мөн багшийнхаа заасан болгоныг одоо ашиглаж, тэмдэглэлээ хөтөлж байгаа. Монгол бичгээр бичсэн эхийг уншина, цаас л олдвол монгол бичгээр ямар ч хамаагүй зүйл бичнэ, тэр болгон маань үндэсний бичгээр бичихэд маань нөлөөлсөн байх. Одоо уншсан номынхоо тэмдэглэлийг монгол бичгээрээ хөтөлж байгаа нь чадвараа дээшлүүлж байгаа хамгийн зөв арга гэж боддог.

-Ер нь ном их уншдаг гэж сонссон. Яг ямар төрлийн ном зохиолд илүү дуртай вэ?

-Ер нь яг нэг төрлөө бариад суудаггүй ээ. Уран зохиолын ч тэр, хувь хүний хөгжлийн ном ч тэр, бүх л төрлийн номыг уншихыг зорьдог. Дүү нартайгаа нийлээд хүүхдийн ном ч уншина. Яг нэг хэвийн ном уншвал сонирхолгүй санагддаг. Сар бүр өөр өөр төрлийн номуудыг уншихыг зорьдог доо.  Ном уншихыг хүсдэг хүмүүс ямар ч хамаагүй номоос эхлээд сар бүр төрлийг нь солиод уншиж байгаарай гэж хэлэхийг хүсэж байна.

-Ном уншиж байхад төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач?

-Ном унших нь нэг талаараа аялал, нөгөө талаараа кино шүү дээ. Уран зохиолын ном уншихаар нүдний өмнө хэзээ ч үзэж байгаагүй шинэ киног анхлан үзэж байгаа мэт. Уйлна, баярлана, уур ч хүрнэ. Хувь хүний хөгжлийн тухай ном уншихаар уран илтгэгчийн илтгэлд суусан юм шиг мэдрэмж төрүүлдэг. Ном унших мэдрэмж тэр чигээрээ гайхамшигтай. Намайг өөр өөр ертөнцөд ааачдаг.

-Чамайг бас гадаад хэлээр ном уншдаг гэж сонссон?

-Тийм ээ. Ном уншдаг хүн бүрт унших төрөл нь илүү ихээр нэмэгдэж байдаг. Миний хувьд англи, орос хэлээр ном уншиж эхэлж байгаа. Орос хэлээр зохиолуудаа уншаад өөрөө орчуулга хийж эхэлсэн. Гэхдээ өөрийнхөө түвшинд тохирсон ном, зохиол уншдаг. Цаашид гадаад хэлний мэдлэгээ сайжруулах зорилготой байгаа. Эхний ээлжинд эх хэл, үндэсний бичгээ маш сайн эзэмшинэ.

-Шилдэг уншигч шалгаруулах уралдаан анх удаа болж байгаа. Уралдааны талаарх чиний бодол?

-Маш хэрэгтэй, гэгээлэг төсөл болж байгаа. Оролцогчид нэг нэгнээсээ суралцаж, хэлэхийг хүсдэг, уриалахыг хүсдэг зүйлсээ энэ төслөөр дамжуулан хэлж байгаа. 4 настай дүү нараас маань эхлээд 65 настай буурай хүртэл ном гэх агуу зүйлсийн тухай ярилцаж, нэг нэгэндээ зааж сургаж, өөрийнхөө чадваруудыг харуулж байгаа нь үнэхээр гайхалтай, бахархууштай. Номын тэмдэглэлийг урлаж байгаа оролцогчдоороо нэн тэргүүнд бахархаж байна. Мөн энэхүү төслийг санаачлан зохион байгуулж буй эрхэм хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Оролцогчдодоо хандаж, бас үе тэнгийнхэндээ хандаж юу гэж уриалмаар байна?

-Оролцогчдодоо бүгдэд нь амжилт хүсье. Та нараараа үргэлж бахархаж, бас үргэлж суралцаж байгаа шүү. Үе тэнгийхэндээ хандаж хэлэхэд, өөрийнхөө хийхийг хүсдэг зүйлсээ бүгдийг нь хийж үзээрэй, өнөөдөр боломж нь олдоогүй ч маргааш байгаа болохоор хүссэн зүйлийнхээ төлөө зүтгээд байгаарай. Цагаа дэмий зүйлд битгий үрээрэй гэж захья даа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье?


Холбоотой мэдээ