Д.Болортунгалаг: Хэнтий аймгийн хэмжээнд 26 иргэнд 935,3 сая төгрөгийн зээлийг олгосон

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-21 10:05:54

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захирал Д.Болортунгалагтай цахимаар холбогдож ярилцлаа. 


-Цаг зав гарган ярилцаж байгаад талархал илэрхийлье. Хөл хорионы энэ үед та ямар ажил дээр төвлөрч байна?

-Сүүлийн үед иргэдийн чих тавих болсон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгааЭрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийн хүрээнд олгох ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн асуудлаар аймгийнхаа арилжааны гурван банкны захирлуудтай уулзаж ярилцлаа. 2021 оны 1-р улирлын байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд 423 иргэн, 166 аж ахуй нэгж байгууллагаас зээл авах хүсэлт ирснээс 26 иргэнд 935,3 сая, 7 аж ахуй нэгж байгууллагад 380,0 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Харин 23 иргэний 809,0 сая, 7 аж ахуй нэгж байгууллагын 1209,5 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэр нь гараад хүлээгдэж байна.

-Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд лимит заасан уу?

-Энэ зээлийн хувьд Хэнтий аймагт ямар нэгэн лимит тогтоогоогүй. Харин нийт зээлийн хэмжээнд багтаан гэрээнд оролцогч банк тус бүрийн олгох нийт зээлийн дээд хэмжээ, тухайн банкны санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, банкны тусгай зөвшөөрөл, банкны системд эзлэх хувь, салбар, нэгжийн тоотой уялдуулан системийн хэмжээнд нь лимит тогтоосон. Өөрөөр хэлбэл, ХААН, Хас, Төрийн банк системийнхээ хэмжээгээр лимитээ барьж зээл олгоно гэсэн үг.

-Инфляц, хадгаламжийн хүү буурахад Монголбанк ямар бодлого барьж ажилласан бэ?

-Хадгаламжийн хүүд бодлогын хүү, инфляц шууд нөлөөтэй. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 онд бодлогын хүүг 11 хувиас 5 нэгж хувиар бууруулж  түүхэн доод түвшинд 6 хувьд хүргэлээ. Инфляц 2,3 хувь болж буурсан. Энэ бүх эерэг хүчин зүйлийн нөлөөгөөр хадгаламжийн хүү буурсан. Хадгаламжийн хүү буурснаар дагаад зээлийн хүү ч буусан байгаа. Хадгаламжийн хүү буурч байж зээл олгох эх үүсвэрийн зардал багасаж, зээлийн хүү буурах нөхцөл шалтгаан болдог.

-Энэ онд банкны салбарт ямар ямар ажлууд хийх бол?

-Энэ онд Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба энэ хүрээнд эрх бүхий төрийн байгууллага болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллана.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Мөн “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн санхүүгийн зах зээлд илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд санхүүгийн шинэ технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэхэд таатай орчныг бүрдүүлэх, банкны салбарын өөрийн хөрөнгө нэмэгдэн эрүүлжиж, эрсдэл даах чадвар сайжирч, өмчлөл нь олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжиж банкуудад тавих хөндлөнгийн хяналт нэвтэрнэ.

Цаашид Монгол банкны бодлого, үйл ажиллагаа "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул энэхүү зорилтыг хангахад чиглэнэ.

-Банкны салбарын шинэ боловсон хүчний эрэлт, хэрэгцээ хэр их байдаг вэ?

-Банкны салбарынхан ажилдаа илүү их цагийг зарцуулдаг ч их тогтвор суурьшилтай ажилладаг. Ажилтнууд өнөөгийн цахим шилжилтийн эрин үе, шинэлэг, эерэг өөрчлөлтүүдтэй мөр зэрэгцэн ажиллахын тулд ажиллангаа үргэлж суралцаж, чадваржиж, хөгжүүлж явдаг учраас аль ч салбарт хөрвөж ажиллах чадвартай болдог. Яг үнэндээ манай салбарын боловсон хүчин дутмаг гэж харж байна. Хариуцлага өндөртэй, ажлын ачаалал ихтэй зэргээс халшраад байдаг юм болов уу гэж боддог.

-Таны хувьд санхүүгийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Ажлын туршлагаасаа хуваалцаач?

-Банкны нягтлан бодогч мэргэжлийг эзэмшиж сургуулиа төгсөж ирснээс хойш банкны салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Намайг ажиллаж эхлэх үед банкны бүхий л төлбөр тооцоо, үйл ажиллагаа нь гар ажиллагаатай байлаа. Лааны гэрэлд орос болон хятад сампингаас тооны машин нэвтрэх үе, одоогийн гар утасны аппликейшн ашиглаад цахимаар төлбөр тооцоогоо хийдэг, хянадаг энэ технологийн эрин үеийг ирэх хүртлэх хөгжлийн, амжилтын түүхийг хамтдаа бүтээж байгаад баяртай байна. Мөн надад сумын тооцооны төвийн нягтлан бодогчоос Монголбанкны салбарын захирал болж өсөж хөгжих боломжийг үе үеийн удирдлагууд, хамт олон  минь олгосон. Би 2020 оны 10 дугаар сард Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захирлын ажлыг хүлээж авсан. Энэ албан тушаал, ажил маань илүү өргөн хүрээнд,хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.

-Шинэ хамт олны талаарх анхны сэтгэгдэл ямар байв?

-Өмнө нь ХААН банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа удирдлагын багт ажилладаг байлаа. Тийм болохоор хамт олны уур амьсгал, сэтгэл зүйн талаар бага зэрэг ойлголт, туршлагатай болсон байх гэж боддог юм. Тиймээс ажиллаж ирсэн салбартаа түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, шинэ хамт олныг ахлахад тийм ч хэцүү санагдаагүй. Хамт олон маань харин намайг таньдаг, мэддэг байсан болоод ч тэр үү, эмэгтэй удирдагч гэсэн утгаар нь баяртай хүлээж авсан.

-Ярилцсанд баярлалаа.  Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ