Шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих баримт бичигт гарын үсэг зурав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-04-20 12:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Тус төсөл БНСУ-ын Засгийн газрын 4.8 сая ам.доллар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 0.3 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн хяналт, үнэлгээнд КОЙКА байгууллага нэмэлт 0.9 сая ам.долларын санхүүжилт олгоно.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих төсөл нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс:

  • хууль эрх зүйн орчныг сайжруулах,
  • улс төрийн карьер сонгоход эмэгтэйчүүдэд тулгардаг бүтцийн болон бусад сорилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх,
  • жендэрийн тэгш байдлын талаар сонгогчид, хэвлэл мэдээлэл, улс төрийн намуудын ойлголтыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Монгол Улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өндөр боловсролтой, эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин арай доогуур ч дундаж цалингийн хэмжээ бага, жендэрт суурилсан хүчирхийлэл их, мөн орон нутаг болон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төлөөлөл тэгш бус байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал жендэрийн тэгш бус байдлыг улам дордуулж байна. Энэ төсөл Монгол Улсын Засгийн газар, олон нийт эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич онцолж байна.

2020 оны байдлаар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дундаж болох 24.9 хувиас нэлээд доогуур байна. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч эмэгтэйчүүдийн эзлэх хувь 27.1 хувь байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2020 оны “Хүний хөгжлийн илтгэл”-д дурдсанаар Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар бүсийн болон дэлхийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна.



Жендэрийн хэвшмэл ойлголт, эрэгтэйчүүд давамгайлсан улс төрийн орчин нь шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдлын голлох шалтгаан болж байна. Энэ нь эмэгтэйчүүд улс төрийн карьер сонгохоос татгалзахад хүргэн, эмэгтэйчүүдэд дэмжлэг болох сүлжээ, чадавх бэхжүүлэх механизм бэхжихэд сөрөг нөлөө үзүүлдэг. “Эмэгтэйчүүдийн эрхийн талаар КОЙКА байгууллага өмнө нь нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, эдийн засгийн оролцоог хангах зорилгоор түншлэгч орнуудтай төсөл хэрэгжүүлж ирсэн. Харин энэ удаа шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих бөгөөд улмаар Монгол Улсад илүү шударга нийгэм бий болгох зорилгод хувь нэмрээ оруулах юм” хэмээн КОЙКА байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэйн Нан хэлж байна.

Холбоотой мэдээ