“COVID-19”-ийн вакцины хомсдолыг хангахад Хятадын вакцинууд хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-19 16:28:10

ВАШИНГТОН. /Xinhua/. COVID-19”-ийн вакцинуудыг дэлхийн чинээлэг орнууд нөөцөлж буйгаас үүдэлтэй вакцины хомсдолыг хангахад Хятадын вакцинууд хэрэгтэй гэж “Bloomberg” агентлагийн цахим хуудсанд нийтэлсэн нэгэн нийтлэлд бичжээ.


“Өрнөдийн орнууд вакцинуудыг нөөцөлж байгаагийн улмаас хөгжиж буй орнуудад вакцин хүрэлцэхгүй байна. Одоогийн байдлаар 848 сая гаруй тун вакциныг тариад байгаа боловч өндөр орлоготой орнуудын вакцинжуулалтын хурд бага орлоготой орнуудынхаас 25 дахин илүү байна” гэж “Bloomberg”-ийн сэтгүүлч Клара Феррейра Маркес бичсэн байна.


Тухайлбал, дэлхийн хүн амын дөрөв орчим хувь нь оршин суудаг АНУ-д вакцинжуулалтын түвшин 24 хувьтай байгааг “Bloomberg” агентлагийн “COVID-19 tracker” хуудасны мэдээлэл харуулж байгаа юм.


К.Маркес нийтлэлдээ Хятад улсад гарган авсан вакцинууд халдвар хүндрэхээс өндөр хувиар хамгаалж байгааг онцлон тэмдэглэжээ. Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн тоо буурахад ихээхэн ач холбогдолтой гэсэн үг юм.


“Филиппин, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын хувьд халдварын тархалтыг зогсоох нь чухал боловч эмнэлгийн ачаалал хэтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд халдвар хүндрэх, өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэхээс сэргийлэх нь амин чухал байна” гэж тэрбээр үзжээ. 


Мөн 180 сая иргэнээ жилийн дотор вакцинжуулах шаардлагатай байгаа Индонез улс “Sinovac” компанийн вакцин хэрэглэж буйг нийтлэлдээ эш татжээ. "Индонезид халдварын үзүүлэлтүүд өндөр байгаа боловч биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо харьцангуй цөөн байна" гэж Хонконгийн Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн профессор Бенджамин Коулинг мэдээлсэн байна. Тиймээс "халдвар хүндрэхээс сэргийлэх нь нэг төрлийн ялалт" болохыг К.Маркес цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ