Дундговийн хоёр суманд халдвар бүртгэгдлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-04-19 15:36:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дундговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж, нийт тохиолдол 33 боллоо.

Дээрх бүх тохиолдлын хувьд Эрдэнэдалай суманд 29, Өлзийт суманд 4 бүртгэгдсэнээр халдварын тохиолдол батлагдсан сум хоёр боллоо.

Энэ сарын 10-нд Улаанбаатараас ирсэн нэг иргэнийг тусгаарлалгүй Өлзийт суманд байдаг хөдөө гэр лүү нь явуулснаас болоод түүнтэй хамт нэг гэрт байсан ойрын хавьтагчдаас вирус илэрсэн болох нь өнөөдөр өглөө батлагдлаа.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 25-ны 6:00 цаг хүртэл “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжин голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлах шийдвэр гарсан хэдий ч шийдвэрийг хэрэгжүүлээгүйн улмаас ийнхүү халдвар тархсан байгааг Онцгой комиссоос анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 40 цэгт, 167 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ба хөдөлгөөн харьцангуй багасч байгааг мөн онцолсон. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгийн төв рүү 10 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсоны 9 нь ачаа тээврийн жолооч байсан байна.

Аймгийн Онцгой комиссоос Өлзийт суманд ажиллах тусгай багийг томилон ажиллуулахаар шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байгаагаа мэдэгдсэн.  

Холбоотой мэдээ