Халдварын тохиолдол таваар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-19 13:20:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 128 иргэнд PCR шинжилгээ хийхэд халдварын 5 тохиолдол илэрчээ. Тодруулбал, Хужирт сумаас шинжилгээнд хамруулсан 13 иргэнээс 2, Арвайхээр сумаас шинжилгээнд хамруулсан 115 иргэнээс 3 тохиолдол эерэгээр батлагдаад байна.

“Ковид-19” цар тахлын халдвар авсан нийт 187 иргэнээс 161 нь эдгэрч, өнөөдрийн байдлаар БОЭТ-д 24, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт тав, гэрээр нэг иргэн халдварын эмчилгээ хийлгэж байна.

Түргэвчилсэн оношлуураар 197 хүнийг шинжилгээнд хамруулахад 194 сөрөг, 3 эерэг хариу гарчээ. Энэ гурван хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм. Одоогоор Арвайхээрээс 256, Хархориноос 160, Бүрдээс 19, Хужиртаас 45, Зүүнбаян-Улаанаас 2, Нарийнтээлээс 8, PCR шинжилгээний нийт 490 сорьцын хариу хүлээгдэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 26 обьектын 18062 м/кв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Ойрын хавьтлын эрсдэл өндөртэй 63 хүн байгаагаас Арвайхээрт 37, Хужиртад 5, Хархоринд 15, Бүрд сумын дотуур байранд 4, Бат-Өлзийд 2 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Холбоотой мэдээ