Д.Чинзориг: Нийтээрээ дагаж мөрдөх хотын стандартыг бий болгоно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-19 18:32:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг дарга Д.Чинзоригтой хаваржилт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Есөнбулаг суманд хаваржилт хэр байна, малчид одоогоор хэчнээн төл хүлээн аваад байна вэ? 

-Есөнбулаг сумын тухайд өнгөрсөн зун гантай, өвөл зуд болсонтой холбоотойгоор хаваржилт хүндхэн байна. Манай суманд нийт 1035 мал бүхий иргэн бүртгэлтэй байдаг. Үүний 409 нь жилийн дөрвөн улиралд малаа дагадаг малчин өрх. 2020 оны жилийн эцсээр 231700 гаруй мал тоолуулсан. Одоогийн байдлаар 7697 толгой мал хорогдсон дүнтэй байна. Наран, Рашаант багийн малчид ихэнх нь нутагтаа байгаа бол бусад багийн малчид Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Завхан аймгийн хил залгаа сумдад отор нүүдэл хийж өвөлжлөө. Одоогийн байдлаар Есөнбулаг сумын хэмжээнд нийт 19655 төл хүлээн аваад байна.

-Бүрэн эрхийнхээ хугацаанд ямар зорилго зорилт, чиглэл баримтлан ажиллаж байна вэ? 

-Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн аваад таван сар болж байна. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрөө боловсруулж, батлуулсан. Бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх “Ажилсаг Алтайчууд” хөтөлбөр зургаан бүлэг, 130 гаруй зүйл заалтаас бүрдэж байгаа. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд дагалдах хоёр том хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Тодруулбал, “Эрүүл Алтай хот”, “Ухаалаг Алтай хот” хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хотын соёл”, “Хашаандаа сайхан амьдаръя” аяныг айл өрх, ард иргэдийнхээ дунд дөрвөн жилийн хугацаанд өрнүүлнэ. Алтай хот 18 мянган хүн амтай, түр оршин суугчидтайгаа нийлээд 20 гаруй мянган хүн ажиллаж, амьдардаг. Есөнбулаг сум бусад сумаас аймгийн төв буюу хот гэдгээрээ эрс ялгаатай. Тэгэхлээр хотын түвшинд энэ сумыг авч явахын тулд хотын дүрмийг боловсруулж, иргэдийнхээ саналыг хүлээн авах бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хотын дүрмээс гадна хотын стандартыг бий болгон нийтээрээ дагаж мөрддөг болно. 

-Эрүүл Алтай хот” хөтөлбөрийн хүрээнд хамгийн эхлээд ямар ажил хийх вэ? Хөтөлбөрийн нэрийг ажихад л иргэдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой санагдлаа?

-Энэ хөтөлбөрийн хүрээнд бид хамгийн эхэнд иргэдийн эрүүл мэндийн суурь судалгаа хийнэ. Алтай хотын иргэдийн өвчлөлийн байдлыг статистикаас аваад үзэхэд хамгийн эхэнд зүрх, судасны өвчлөл, харвалт, хавдрын өвчлөл жагсдаг. Тэгэхлээр бид аймгийн Нэгдсэн эмнэлгийн холбогдох албаныхантай хамтран иргэддээ эрүүл мэндийн бүх төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр төлөвлөөд байна. үүний дараа зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг хэрхэн бууруулах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. Иргэдийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг түлхүү зохион байгуулна. 

Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл орчныг бүрдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр бодлого шийдвэрээ боловсруулсан. Орчны бохирдол тухайлбал хогийн асуудал, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлууд бодлогын хэмжээнд хийгдэнэ. Ингэхийн тулд холбогдох албаныхантай хамтран “Эрүүл Алтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. 

-2021 оны сумын төсөв хэр батлагдав. ЖДҮ-ийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Алтай хотын тухайд энэ онд орон нутгийн төсөвт 3,2 тэрбум төгрөг, боловсрол, эрүүл мэндийн төсөвт 11,5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт буюу ОНХС-д 420 сая төгрөг нийт 15,1 тэрбум төгрөгийг зарцуулахаар сумын ИТХ-аар батлуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлээд байна. Ер нь төсвийг хэмнэлттэй байлгах талаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбогдпуулан төсөвт байгууллагуудын төсөв тодорхой хэмжээгээр хумигдсан байгаа. 

Сум хөгжүүлэх санд 150 орчим төсөл ирсэн. Эдгээрээс төслийн шаардлага хангасан, бичиг баримтын бүрдэл бүхий 78 төслийг сонгосон. Одоогоор эхний ээлжинд үйл ажиллагаа нь тогтмол, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор иргэдийн 12 төслийг сонгон нийт 100 орчим сая төгрөгийг олгоод байна. Удахгүй дараагийн ээлжийн төслүүдийг хэлэлцэнэ. Энэ удаа аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Есөнбулаг суманд газар тариалан эрхлэхийг хүсч байгаа иргэдийн төслийг сонгон шалгаруулж зээл олгоно.

-Өнгөрсөн жилүүдэд Есөнбулаг сумын ЖДҮ эрхэлдэг хэчнээн иргэн хэдэн төгрөгийн зээл хүртэв. Сум орон нутгийн удирдлагын хувьд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгосны үр шимийг хэрхэн харж байгаа вэ?

-2011 оноос эхлэн ЖДҮ эрхлэгчдэд зээл олгосон байдаг. Үүнээс хойш 258 иргэнд 2 тэрбум 266 сая төгрөгийн зээл олгожээ. Эргэн төлөлтийн явц байдлыг харахад сайн үр дүн хараахан харагдахгүй байгаа. Түүнчлэн улс төрийн нөлөө ордог, ашиг сонирхлын байдал зэргээс хамаарч зарим зээл олгогдсон нь харагдсан. Хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгээгүй нийт 900 орчим сая төгрөгийн зээл иргэдийн гар дээр байна. Эдгээр иргэдэд зээлээ төлөх тодорхой хугацаа зааж төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцох ажлыг эхлүүлээд байна. 

-Ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодлогын баримт бичигтээ хэрхэн тусгав. Одоогоор ажилгүй иргэдийн тоо хэд байна?

-Есөнбулаг сум 18 мянган иргэнтэй, ажил идэвхтэй хайдаг 1081 иргэн байдаг хэдий ч аймгийн ХХҮГ-т албан ёсны ажил хайгчаар бүртгэлтэй 271 иргэн байдаг. Бидний зүгээс сумын хэмжээнд газар тариалан эрхэлдэг иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр бодлогын баримт бичигтээ тусгасан. Түүнчлэн манай суманд уул уурхайн ашиглалтын лицензтэй хоёр компани байгаа. Нэг нь стратегийн томоохон орд гэдэг нь тогтоогдсон. Үүнийг “Хан-Алтай ресурс” ХХК эзэмшиж байгаа. Энэ компанийн үйл ажиллагаа 2021 оны наймдугаар сараас эхэлж олборлолтоо хийнэ гэдэг төлөвлөгөөг бидэнд ирүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор тус компанид 320 орчим ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тоог бидэнд мэдээлсэн. Нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн хомсдолтой байгаа. Тиймээс бид МСҮТ-тэй хамтран иргэдийг мэргэшүүлэх, дахин сургах, мэргэжлийн чадамжтай болгох төлөвлөгөөтэй байна. Ингэхлээр сумын ажилгүй иргэдийг тодорхой хэмжээгээр ажлын байраар хангана. Одоогоор Наран багийн 30 иргэн ажилд орох хүсэлтээ тухайн компанид хүргүүлсэн.

-Сүүлийн жилүүдэд аймгийн төвд суурьших иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцээд газар эзэмших хүсэлтэй иргэд олширсон. Энэ оны тухайд газар олголтыг хэзээнээс, аль багийн нутагт хийх вэ?

-Газар олголтын асуудал Алтай хотын тухайд хамгийн чухал. Ер нь газар олголт иргэдэд нээлттэй шилэн байх ёстой. Ингэхийн тулд “Ухаалаг Алтай хот” хөтөлбөрт энэ асуудлыг шийдэхээр тусгасан. Тухайлбал, газар олголтын цахим систем /дэлгэц/-ийг сумын ЗДТГ-т байршуулж, сонирхсон иргэн бүр газар олголтын мэдээллийг тодорхой харах боломжтой болно. 

Энэ онд эхний ээлжинд зөвшөөрөлгүй дур мэдэн газар авсан иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ. Газар олголт бол Алтай хотын ерөнхий төлөвлөгөөтэй зайлшгүй хамааралтай. Тиймээс энэ төлөвлөгөөний дагуу газар олголт хийх ёстой. Тухайлбал, Баяншанд багийн урд хэсэгт орон сууцны “Саран” хорооллыг барихаар төлөвлөсөн. Тэгэхээр тухайн хэсэгт газар олгохгүй. Бидний зүгээс энэ онд шинэ нисэхийн хойд хэсэгт газар олголт шинээр хийхээр төлөвлөөд байна. Долдугаар сард тухайн бүс нутагт газар олгоно. 

-Алтай хотод тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол дулаан хангамж. Энэ асуудлыг хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Алтай хотод 25 мВт-н хүчин чадалтай дулааны станц барих асуудал олон жил яригдаж байгаа. Энэ ажлыг төлөвлөгөөний дагуу хийнэ. Дулаан хангамжийн асуудалтай зэрэгцээд Алтай хотын агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогын хэмжээнд анхаарч ажиллана. Тодруулбал, Алтай хотын төвийн нам даралтын зуухуудыг төвлөрсөн халаалтад холбох ажлыг энэ зун өрнүүлнэ. Ер нь халаалт дулааны асуудлыг сайжруулахын тулд шугам сүлжээний ажлыг хийх ёстой. Манай аймаг хатуулаг ихтэй устай учир шугам сүлжээний насжилт багасдаг. Алтай хотын халаалтын 90 орчим хувийг хариуцдаг “Мандал Голомт” компанитай хамтран ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг халаалт зогсонгуут хийж эхлэхийг харилцан ярилцаж байна. Түүнчлэн орон сууцнуудын дулаан хангамжийг сайжруулахын тулд СӨХ-ыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Ингэснээр иргэд нэгдэн тулгамдаж байгаа асуудлаа хамтраад шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


Холбоотой мэдээ