20 жилийн дайны төгсгөл - 9 дүгээр сарын 11

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-04-17 13:54:39

“Манай улсын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн дайныг зогсоох цаг нэгэнт болжээ, америк цэргүүд гэртээ харих цаг ирлээ” гэж лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс үндэстэндээ хандан телевизээр үг хэлэхдээ онцлон тэмдэглээд, Америкийн цэргийг Афганистанаас гаргах ажиллагаа 5 дугаар сарын 1-нд эхэлж, 9 дүгээр сарын 11 гэхэд дуусна гэдгийг мэдэгдлээ. 

 

Байдены товлосон огноо бол 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Дэлхийн Худалдааны төв, Пентагоны төв байр руу террористууд халдлага үйлдсэнээс хойш яг 20 жил өнгөрөх тэр өдөр юм. Халдлагын дараа АНУ болон НАТО-гийн холбоотнууд Афганистан руу довтолж, лалын “Талибан” хөдөлгөөнийг засгийн эрхнээс зайлуулсан билээ. 

 

Тэр цагаас хойш 20 жил өнгөрсөн хэдий ч Афганистанд дайн үргэлжилсээр, талибууд ихээхэн нөлөөтэй хэвээрээ. АНУ энэ дайнд 2 их наяд доллар зарцуулж, 2 мянга гаруй америк цэрэг амь үрэгджээ. Одоогийн байдлаар Афганистанд Америкийн 2500 орчим цэрэг байрлаж байгаа бол НАТО-гийн цэргийн нийт тоо 9600 болж байна.

 

Байдений засаг захиргааны төлөөлөгчийн тайлбарласнаар, зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр Америкийн цэргүүдийг гаргахгүй бол тэдэнд аюул учирна гэж АНУ-ын Ерөнхийлөгч үзсэн учраас цэрэг гаргах ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ. Нэрээ нууцалсан Америкийн нэгэн албан тушаалтан хэлэхдээ, Афганистанаас гарч буй Америкийн цэргүүд рүү талибууд довтлох аваас эрс шийдвэртэй хариу арга хэмжээ авахад Вашингтон бэлэн байна.  

 

Америкийн цэргийг Афганистанаас гаргахаар шийдвэрлэсний гол шалтгаан нь гэвэл, аюулгүй байдлын салбар дахь стратегийн бодлогоо Вашингтон эргэн харж, Афганы хямралд 20 жилийн турш хөндлөнгөөс оролцож буй явдлаа зогсоож, ингэснээр илүү аюул учруулж буй асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно.

 

Талибууд хүчирхэгжих үү?

 

Афганистан дахь ВВС агентлагийн сурвалжлагч Секундер Кермани

 

Вашингтоны шийдвэр нь Талибаны байр суурь бэхжихэд хүргэнэ гэж олон афганчууд болгоомжилж байна. 5 дугаар сарын 1 гэсэн огноотой холбоотойгоор авсан үүрэг амлалтаа биелүүлж байгаа гэдгээ талибууд мэдэгддэг. Гэтэл тухайн өдөр гэхэд цэргээ гаргаж дуусна гэсэн амлалтаасаа Вашингтон ухарлаа. Байдены мэдэгдэлд Талибаны зүгээс хийсэн хариу үйлдэл нь дайсагнасан өнгө аястай байсан хэдий ч Америкийн цэргийн Афганистанд байх хугацаа цөөхөн сараар хойшилж байгаа учраас талибууд америкчууд руу довтлох магадлал бага.

Мягмар гарагт Талибан хөдөлгөөнийхөн Туркийн Истанбул хотод энэ сарын 24-ний өдөр болох Афганистаны ирээдүйн асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоос татгалзсанаа мэдэгдсэн байна. Үүнийг тус хөдөлгөөний төлөөлөгч тайлбарлахдаа “гадаадын бүх цэрэг манай улсаас бүрэн гараагүй цагт иймэрхүү хуралд оролцохгүй” гэжээ. Талибууд гадаадын цэргүүд рүү дайрахаа зогсоосон боловч Афганистаны засгийн газрын хүчнийхэнтэй байлдсаар байгаа юм. Өнгөрсөн 3 дугаар сард талибууд мэдэгдэхдээ “хэрвээ 5 дугаар сарын 1-нээс хойш АНУ болон НАТО-гийн цэргүүд Афганистанд үлдэх аваас тэдний эсрэг байлдааны ажиллагааг сэргээнэ” гэж сүрдүүлж байжээ. 

 

Нөгөөтэйгүүр, талибуудтай хийж буй хэлэлцээний явцад Байдены засаг захиргаа тэдэнд шинэ болзол нөхцлүүдийг тулгана гэж Афганистаны зарим албан тушаалтнууд хүлээж найдаж байсан боловч Вашингтон асуудалд ингэж хандсангүй.

 

2020 оны 9 дүгээр сард Дохад эхэлсэн Афганистаны засгийн газар ба Талибаны хэлэлцээ удааширч байгаа энэ үед Америкийн цэрэг гарахаас өмнө хоёр тал засаглалын эрх мэдлийг хуваах асуудлаар тохиролцож чадна гэсэн найдвар тун бага байна. Гэхдээ олон улсын тавцанд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн талибуудын эрмэлзлэл нь тэднийг эрх баригчидтай зөвшилцөхөд хүргэж магадгүй юм.

 

Нөгөө талаас нь дүгнэвэл, талибууд зөвхөн Америкийн цэрэг гарахыг хүлээж байгаа бөгөөд дараа нь зэвсгийн хүчээр ялалт байгуулах, үгүй юм аа гэхэд давуу байдал олж авахыг хичээнэ гэж олон хүн болгоомжилж байна. Саяхныг хүртэл Афганы арми Америкийн цэргийн агаарын цохилтын ачаар талибуудын довтолгоог няцаасаар ирсэн. Афганистаны тагнуулын байгууллагын хийсэн дүгнэлтээр, засгийн газрын хувьд Талибаны довтолгоог ойрын хэдэн жилийн хугацаанд тогтоон барьж чадах боловч олон улсын дэмжлэг Кабулд чухал хэвээр байгаа. Эдгээрийг тооцож үзвэл, Америкийн цэрэг гарсны дараа хямрал даамжирч, улам ихээр цус урсгасан мөргөлдөөн дэгдэж болзошгүй юм. 

 

Афганистан дахь Америкийн цэргийн оролцоо: Он дарааллын товчоон

 

2001 оны 10 дугаар сар: 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа Америкийн зэвсэгт хүчин Афганистаныг бөмбөгдөж эхэллээ.

 

2009 оны 2 дугаар сар: Афганистан дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ гэдгээ НАТО-гийн гишүүн орнууд амласан бол АНУ дахин 17 мянган цэрэг илгээв.

 

2009 оны 12 дугаар сар: АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Америкийн цэргийн тоог 30 мянгаар нэмэгдүүлснээр 100 мянгад хүргэв. Үүний сацуу тэрбээр 2011 онд цэргээ гаргаж эхэлнэ гэж амлажээ.

 

2014 оны 10 дугаар сарАфганистанд явуулж буй байлдааны идэвхтэй ажиллагаа дууссан тухай АНУ, Их Британи хоёр мэдэгдэв.

 

2015 оны 3 дугаар сар: Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн хүсэлтээр Америкийн цэргийг гаргах хойшлогдсон гэдгийг Б.Обама мэдэгдлээ.

 

2015 оны 10 дугаар сар: 2016 оныг дуусах хүртэл Афганистанд Америкийн 9 800 цэрэг үлдэнэ гэж Б.Обама мэдэгдэв. Ингэснээр тэрбээр 1000-аас дээшгүй тооны цэргийг үлдээнэ гэсэн амлалтаасаа буцлаа.

 

2016 оны 7 дугаар сар: 2017 оныг хүртэл Афганистанд 8400 цэргийг үлдээнэ гэж Б.Обама мэдэгдсэн нь аюулгүй байдлын асуудал хурцадсантай холбоотой байв. Мөн НАТО цэргийнхээ тоог бууруулахгүй гэж шийдвэрлэснээс гадна Афганистаны аюулаас хамгаалах хүчнийг 2020 он хүртэл санхүүжүүлэхийг зөвшөөрчээ.  

 

2017 оны 8 дугаар сар: Хүчээ авч буй Талибан хөдөлгөөнийг хазаарлан зогсоохын тулд цэргийн нэмэлт хүчийг Афганистанд илгээнэ гэж шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

 

2019 оны 9 дүгээр сарАНУ ба талибуудын хооронд удаан үргэлжилсэн хэлэлцээ бүтэлгүйтэв.

 

2020 оны 2 дугаар сар: Хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээний дүнд Афганистанаас цэргээ гаргах тухай Дохагийн хэлэлцээрт АНУ-ын төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн дагуу АНУ болон НАТО-гийн гишүүн бусад улс 14 сарын хугацаанд Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусгах ёстой. Харин талибууд засгийн газартай эвлэрлийн хэлэлцээ хийж, өөрсдийн хяналтанд байгаа бүс нутагт “Аль-Кайда” террорист байгууллагыг нэвтрүүлэхгүй гэсэн болзлыг хүлээн зөвшөөрсөн ба үүнийхээ хариуд Афганистаны шоронгуудад хоригдож буй өөрийн талын олон мянган хүнийг суллуулсан байна.


Б.Адъяа

Эх сурвалж: ВВС

   

 

Холбоотой мэдээ