Б.Буянтогтох: Амьсгалын аппаратыг ажиллуулах хүний нөөц дутмаг байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-16 12:27:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож дараах асуултад хариуллаа.

 

-Эмч нарын хэдэн хувь нь маш хүнд өвчтөнтэй тулж ажиллаж байгаа вэ?

-Маш цөөн хүмүүс бий. Тэд ковидоор өвдсөн хүмүүстэй тулж ажиллаад дараа нь 14 хоног тусгаарлалтад ордог. Мөн халдвар авах тохиолдол бий. Тиймээс эмч эмнэлгийн ажилчдын хомсдол үүсэж байна гэж ярьж байгаа юм.

 

-Хатуу хөл хорионы 14 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага амьсгаа авч чадах болов уу?

-Мэргэжлийн судлаачид 2 нууц хугацаанд буюу 28 хоногийн хөл хорьж үр дүнд хүрнэ гэсэн судалгааг хэлсэн. Гэвч шийдвэр 14 хоног гэж гарсан. Энэ хугацаанд голомтыг бууруулж, өвчлөлийг тодорхой хэмжээнд багасгана.

 

-Өвчин нэмэгдээд ирэхийн хэрээр амьсгалын аппарат хэрэг болно. Хэд байгаа вэ?

-Амьсгалын аппарат хангалттай хэмжээнд байгаа. Харин аппаратыг ажиллуулах хүний нөөц нь дутмаг байна. Хэрвээ энэ байдал цааш үргэлжилвэл хомсдол үүснэ.

 

-Уушги орлуулагч аппарат хэд байгаа вэ?

-Хоёр байгаа. Энэ сарын сүүлчээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт нэг нэмж ирнэ. Тусламж үйлчилгээнд эрчимт эмчилгээ нэн хүнд өвчтөнг эмчлэх хүмүүсийн тоо хязгаартай байна.

 

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст тавих хяналт ямар байгаа вэ?

-Тухайн харьяалагдаж байгаа өрхийн эмнэлэг нь хянаж байгаа.

 

-Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс хүндэрч эмнэлэгт ирж байгаа тохиолдлууд бий юу?

-Тодорхой шинж тэмдэг илрээд эмнэлэгт ирж байгаа тохиолдол их байна. Иргэд 100, 119 гэсэн дугаарт залгаад өөрийнхөө биеийн байдлыг хэлж болно. Иргэдэд өвдөхгүй байх боломж бий. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэлийн тоо ихсэнэ. Одоогоор эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барах тохиолдол байхгүй ч улмаар ийм тохиолдол гарч ирэх боломжтой. Иргэд ковидоор өвдөхгүй байх нь ЭМЯ-нд хүргэж буй хамгийн том тус юм.

 

Холбоотой мэдээ