“Бид дижитал иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-15 16:32:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Facebook компани Монголын интернэт хэрэглэгчдийг цахим ертөнцөд аюулгүй, хариуцлагатай иргэн болж төлөвших чадварыг эзэмшүүлэх, боловсрол олгох “We Think Digital -Бид дижитал иргэд” төслийг эхлүүллээ.


Төслийн хүрээнд БШУЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, "Faro Foundation Mongolia" ТББ хамтран цуврал хэлэлцүүлэг, үнэгүй сургалт болон энэ төрлийн мэдлэг олгох контент бэлтгэн, энэ онд 10 мянган сурагчид сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.


Facebook компани олон улсад хэрэгжүүлж буй уг хөтөлбөрөө манай улсад ийнхүү эхлүүлснээр дижитал орчинд өөрсдийн эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, хүлээн авч буй мэдээлэлдээ нухацтай хандах, зөвийг түгээх, цахим орчинд бусад хүнтэй хэрхэн харилцах талаар заах юм.


Хөтөлбөрийн нээлтийн үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ уламжлав. Тэрбээр “Монгол Улс цахим шилжилт хийхийг тэргүүнд тавьж, Засгийн газар дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхийг эрмэлзэж байгаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр Facebook компанитай олон чиглэлээр хамтарч ажиллана гэдэгт итгэж байнагэжээ.


Бид дижитал иргэд төслийн цахим нээлтийн үеэр дижитал иргэншил, түүнтэй холбоотой сэдвийн тухай салбар бүрийн мэргэжилтнүүд, олны танил хүмүүсийг урьж, цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байна. Эхний удаад дижитал иргэншлийн талаар ярилцсан бол энэ сарын 28-нд болох хоёр дахь хэлэлцүүлгээр цахим аюулгүй байдлын тухай санал бодлоо солилцоно.


Гурав дахь хэлэлцүүлэг тавдугаар сарын 12-нд "Хуурамч мэдээлэл", сүүлийн хэлэлцүүлгийг ирэх сарын 26-нд "Хувийн нууцлал" сэдвээр зохион байгуулах аж. Цахим хэлэлцүүлгийг  We Think Digital Mongolia фэйсбүүк хуудсаар сонирхох боломжтой.

Холбоотой мэдээ