А.Меркелийг хэн залгамжлах бол? Зёдер уу, Лашет уу, эсвэл?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-04-15 17:06:00

Германы Бундестагийн сонгууль болоход 5 сар хагасын хугацаа үлдээд буй энэ үед тус улсын Канцлерын албан тушаалд нэрээ дэвшүүлэхийн төлөөх өрсөлдөөн нэгэнт эхэлжээ. Гол өрсөлдөгчид бол эрх баригч Христосын Ардчилсан холбоо/Христосын Нийгмийн холбоо /цаашид ХАХ/ХНХ гэх/ эвслийн лидерүүд болох Маркус Зёдер, Армин Лашет хоёр юм. Өнгөрсөн ням, даваа гарагуудад М.Зёдер, А.Лашет хоёр “тулаан”-ы эхний буудлагыг хийлээ. Ингэхдээ эвслийг сонгуульд удирдан орох хүний асуудлыг маш түргэн, 7-хон хоногийн дотор эв найртайгаар шийднэ гэдгээ амлажээ.


Германы засгийн газрыг бараг 16 жилийн турш тэргүүлсэн Ангела Меркель тэтгэвэртээ гарахаар хатуу шийдсэн учраас 9 дүгээр сарын сүүлчээр болох парламентын сонгуульд ХАХ/ХНХ эвслийг өөр хүн удирдан оролцуулах нь нэгэнт тодорхой болжээ. Энэ хүн бол ХНХ намын нэр хүндтэй удирдагч, Бавари мужийн Ерөнхий сайд Маркус Зёдер мөн гэж тоймчид, улстөрчид олон сарын турш таамаглан ярилцаж байгаа билээ.

М.Зёдер, А.Меркель нар


Харин ХАХ намын дарга А.Лашет нэр дэвших өрсөлдөөнд ялах аваас тэрбээр Канцлер болохгүй байж ч магадгүй. Учир нь, төдийлөн нэр хүндтэй биш энэ улстөрчөөр удирдуулсан нам Бундестагийн намрын сонгуулиар засаглах эрхээ алдах эрсдэлтэй.


“Бидэнд Европын Герман хэрэгтэй”


Зёдерийн тухайд, “та Канцлер болохыг хүсэж байна уу” гэсэн асуултаас саяхныг хүртэл бултсаар ирсэн бол харин өнгөрсөн ням гарагт мэдэгдэхдээ, ХАХ/ХНХ эвслийн сонгуулийн жагсаалтыг тэргүүлэхэд /канцлерт нэр дэвшихэд/ бэлэн гэдгээ илэрхийллээ. Тэрбээр энэ үгээ ХАХ/ХНХ эвслийн Бундестаг дахь фракцийн хуралдааны үеэр хэлсэн нь “эгч нам”-ын депутатуудаас дэмжлэг горилсон хэрэг.   


Харин даваа гарагийн өглөө ХНХ нам өөрийн нүүдлийг хийжээ. Намын тэргүүлэгчид хуралдаж, намын дарга бөгөөд Хойд Рейн-Вестфаль мужийн ерөнхий сайд, Армин Лашет-ийг Канцлерт нэр дэвшүүлэхийг санал нэгтэйгээр дэмжив. Гэхдээ энэ нь Лашетийг сонгуулийн өмнөх жагсаалтын эхэнд тавина гэсэн эцсийн шийдвэр биш бөгөөд эвслийн хоёр нам уг шийдвэрийг хамтран гаргах ёстой.


Харин Лашет өөрөө хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ "би өнөөдөр Зёдертэй холбогдож ярина, сонгуульд эвслийг удирдах хүний талаар шийдвэр гаргахыг  бүх хүн хүлээж байгаа” гэжээ. Үүний сацуу тэрбээр өөрийгөө ямар канцлер байх вэ гэдэг талаар ярьсан байна. “Намайг нэр дэвшүүлсэн байдал, Канцлерын албан тушаалаар хүлээх үүргийг би хэрхэн ойлгож байна вэ гэхээр, энэ бол Европын хэмжээний үүрэг рольтой албан тушаал гэдгийг хэлье. Герман улс юу хийж байгаа, албан тушаалд хэнийг томилж байгааг Европ даяараа ажиглан харж байгаа. Бидний өмнө тулгарч буй ямар ч глобал асуудлыг хамтаараа хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Бидэнд Европын Герман улс хэрэгтэй” гэж Лашет ярьсан байна.  


Үүнтэй зэрэгцээд 9 дүгээр сарын сонгуульд ХАХ/ХНХ эвсэлтэй өрсөлдөх гол хүмүүсийн нэрс тодорхой болсон ба заримынх нэр удахгүй тодорхой болох гэж байна. Социалистуудын хувьд, жагсаалтыг тэргүүлэгч буюу Канцлерт өрсөлдөгчөөр намын дарга, Сангийн сайд Олаф Шольцыг нэрлэсэн бол ногоонтнууд намынхаа хоёр даргын хэнийг нь жагсаалтын эхэнд тавих вэ гэдгээ 19-ний өдөр шийднэ.


Уламжлал ёсоор ХАХ/ХНХ-ны жагсаалтыг илүү том бөгөөд бүх Германы нам болох ХАХ-ны удирдагч тэргүүлэх ёстой. Мөн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд засгийн газрыг тус намын удирдагч тэргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Баварийн ХНХ намын удирдагч нь Канцлер болохгүй гэсэн үг. Урьд нь ХНХ-ны удирдагчид эвслийг түүхэнд 2 удаа удирдан сонгуульд оролцож байсан боловч хоёуланд нь социалистуудад ялагдаж байсан ажээ.     


Илүү нэр хүндтэй бага түнш


Гэтэл бүх санал асуулгын дүнгээр ХНХ намын лидер Маркус Зёдер нь Меркелээс бусад бүх улстөрчдөөс /тэдний дотор А.Лашетаас/ илүү нэр хүндтэй байгаа нь цар тахлын эсрэг тэмцлийн явцад тэрбээр “олон оноо цуглуулсан”-тай холбоотой. Тодруулбал, хамгийн сүүлчийн санал асуулгаар Зедёр бусад бүх өрсөлдөгчөө /социалистууд, ногоонтнууд/ хол хаяжээ. Түүний ХНХ намын нэр хүндийн чансаа Бавари мужид 40 орчим хувьтай байгаа бол Лашетийн удирддаг Хойд Рейн-Вестфаль мужид ХАХ-ны үзүүлэлт 28 хувь руу унасан байна.

А.Лашет өөрийгөө Меркелийн төвч бодлогыг үргэлжлүүлэгч гэж үздэг


Ер нь бол, Меркелийн намын /ХАХ/ нэр хүнд он гарснаас хойш унасаар л байгаа юм. Санал асуулгуудын дүнг дундажлан гаргаж үзэхэд, ХАХ намын рейтинг 36-37 хувиас 27-28 хувь хүртлээ унажээ. Сануулан дурдахад, өнгөрсөн сонгуульд ХАХ/ХНХ эвсэл бараг 33 хувийн санал авсан билээ.


Намын нэр хүнд унасаар байгаа нь иргэд хөл хорионоос залхсан, цар тахалтай тэмцэх асуудлаар намын дотор санал зөрөлдөөн үүссэн, ХАХ намаас парламентад сонгогдсон зарим гишүүдтэй авлигын дуулианд холбогдсон, намын лидер Меркель тэтгэвэртээ гарах гэж байгаа зэрэг шалтгаанаас үүдэлтэй.   


Үүнтэй зэрэгцээд эвслийн гол өрсөлдөгч болох Ногоон намын нэр хүнд өссөөр байгаа бөгөөд одоогийн байдлаар, ногоонтнууд ба эрх баригч эвслийн рейтингийн зөрүү ердөө 5 орчим хувь л байна. Сөрөг хүчний зарим улстөрчдийн ярьж байгаагаар бол, 9 дүгээр сард болох парламентын сонгуулийн дүнгээр “гэрлэн дохионы эвсэл” байгуулагдаж тун магадгүй ажээ. Гэрлэн дохионы гэсний учир нь, Социалист нам, Чөлөөт ардчилсан нам ба Ногоон намын бэлгэ тэмдгүүд нь улаан, шар, ногоон өнгөтэй байдгийг сануулсан хэрэг.


Хоосноос айх үзэгдэл


Хэрвээ ХАХ/ХНХ эвслээс Армин Лашетын нэрийг Канцлерт дэвшүүлэх аваас А.Меркелийн удирдлага дор 4 удаа дараалан ялалт байгуулсан тус эвсэл сонгууль хүртэлх 5 сар хагасын хугацаанд өөрт таагүй хандлагыг даван туулж чадахгүй байж мэднэ гэж нийгэм судлаачид, тоймчдын ихэнх нь үзэж байна.


“Зёдерээс татгалзаад, олон нийтэд төдийлөн сайн танигдаагүй Лашетын нэрийг дэвшүүлэх нь ХАХ-ны хувьд амиа хорлосонтой адил үйлдэл мөн. Ийм шийдвэрийн улмаас 9 дүгээр сард Ногоон намаас Канцлер сонгогдож магадгүй” гэж Берлинд ажилладаг улс төрийн тоймч Борис Фельдман таамаглаж байна.  


Гэхдээ нэр дэвшигчийг тодруулах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа билээ. Фельдманы дүгнэж байгаагаар, Лашетийн нэрийг дэвшүүлэх тухай даваа гарагт хийсэн мэдэгдэл бол өөрсөдтэй нь зөвшилцөлгүйгээр хийсэн Зёдерийн мэдэгдэлд ХНХ намынхан бухимдсанаас үүдэлтэй хариу үйлдэл ажээ. “Меркель явсны дараа дэндүү том хоосон орон зай үүснэ. Энэ орон зай хүмүүсийг айлгаж байна. Энэ түгшүүр сандралыг хэрхэн даван туулах талаар бодох боломжийг тэдэнд олгоё. Миний бодлоор, прагматик хандлага нь Баварид дургүйцэх хандлагыг ялан дийлж чадна” гэж Б.Фельдман эцэст нь хэллээ.


Б.Адъяа

Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ