Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДХБ-ын ерөнхий захиралтай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-04-14 15:31:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын  Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай энэ сарын 13-нд уулзжээ.


Уулзалтын эхэнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДХБ-ын Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеалад үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, манай орныг сайн мэддэг хүний хувьд цаашид Монгол Улсын Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх, олон талт худалдаан дахь оролцоог өргөжүүлэхэд дэмжинэ хэмээн итгэж буйгаа илэрхийлжээ.


Мөн тэрээр ДХБ дахь Азийн хөгжиж буй бүлэг болон Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зохицуулагчийн хувьд эдгээр орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх болон ДХБ дахь төлөөлөл зэрэг асуудлаар Ерөнхий захиралтай санал солилцсон байна.


Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала ДХБ-ын гол зөвлөлүүдийн нэг болох Барааны худалдааны зөвлөлийн 2021-2022 оны даргаар сонгогдсон Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэнд ажлын амжилт хүсэж, ДХБ-ын сайд нарын 12 дугаар чуулган Женев хотноо болох энэ үед үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэжээ.


ДХБ-ын Сайд нарын чуулган нь тус байгууллагын дээд түвшний шийдвэр гаргагч бүтэц бөгөөд өмнөх буюу 11 дүгээр чуулган 2017 онд Аргентины Буэнос-Айрэс хотноо болсон юм.

Холбоотой мэдээ