Сент-Винсент арлын галт уул дахин дэлбэрч болзошгүйг анхааруулжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-04-13 14:34:10

КИНГСТАУН. /BBC/. Карибын тэнгисийн Сент-Винсент арлын Ла Суфриер галт уул ойрын өдрүүдэд дахин дэлбэрч, үнс нурам цацах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.


Уг галт уул нь өнгөрсөн баасан гарагт дэлбэрсний улмаас арлыг үнс нурам бүрхэж, 16 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрсэн юм. Мөн амралтын өдрүүдэд жижиг дэлбэрэлтүүд үргэлжилсэн нь цахилгаан, усны хангамж тасалдахад хүргэжээ.


Онцгой байдлын газрын ажилтнууд галт уулын ойр орчмыг “тулааны бүстэй” зүйрлэсэн байна. West Indies” их сургуулийн Сейсмологи судлалын төвийн мэдээлснээр, дэлбэрэлт, үнс нурам цацагдах үзэгдэл ирэх хэдэн өдрийн турш үргэлжлэх магадлалтай байгаа ажээ.


Ла Суфриер сүүлийн хэдэн арван жилийн турш идэвхгүй байсан боловч өнгөрсөн 12 дугаар сараас идэвхжиж буй байдал ажиглагдаж эхэлжээ. Уг галт уул 1979 онд дэлбэрсний улмаас аралд 100 сая гаруй ам.долларын хохирол учирч байсан бол 1902 онд болсон дэлбэрэлтийн улмаас 1000 гаруй хүн амь насаа алдсан байна.

Холбоотой мэдээ