Ж.Эрдэнэбат: Сонгуульд зориулж 2500 ширхэг хар машин баталгаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-16 11:55:25

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал авах хар машиныг баталгаажуулж байгаатай холбогдуулж СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

-Хар машины баталгаажуулалтын ажил эхлээд хоёр хонож байна. Нийтдээ хэдэн машин баталгаажуулна гэсэн үг вэ. Ажлын явц хэр байна вэ?

-Сонгуульд нийт 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж ашиглана. Эдгээр төхөөрөмжийг бүгдийг нь баталгаажуулж гэрчилгээжүүлнэ. Нийтдээ 1998 сонгуулийн хэсэг байгаа. Тэгэхээр санал авах байр бүрт 1-2 төхөөрөмж ашиглана. Баталгаажуулах ажлыг СЕХ-ноос манай Мэдээллийн технологийн төвөөс гадна Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын оролцоотой баталсан. Тус ажлын хэсэг баталгаажуулах ажлыг хийж байна.

Ингэхдээ хэд хэдэн янзын тестийг хийж шалгаж байна. Хамгийн гол тест нь 76 тойргоос санамсаргүй аргаар нэг хэсгийг сонгон авч, бодитоор хэвлэсэн саналын хуудсыг 1000-аас дээш удаа нэг машин дээр уншуулж байна. Уншуулахдаа тестийн тавил зохиож уншуулж байгаа. Ингэхдээ ажлын хэсэгт орсон 15 хүн бүр өөр өөрийнхөө аргаар шалгана. Тестийн тавил гэдэг маань хоосон хуудас уншуулах уу, хоёрыг тэмдэглэж уншуулах уу, нэгийг тэмдэглэж уншуулах уу, эсвэл цагийг нь өөрчлөөд санал авах хугацаа хааж байх үеийн болон өглөө нээлтийн үе рүү тохируулж үзэх гэх мэтчлэн боломжит бүх хувилбарыг уншуулж үзэж байна. Энэ мэт олон шалгалтын дараа тус төхөөрөмжтэй хамт ямар иж бүрдэл явах уу гэдгийг шалгаж лацдаад нэг хайрцганд хийж байгаа.  

-Иж бүрдэл гэдэгт юу багтаж байна вэ?

-Лац нь 16 ширхэг байх юм. Санал тэмдэглэх үзэг болон санал хураалтыг нээх, хаах, тэглэх код гэж байна. Дээрээс нь машин асаах болон унтраахад ашигладаг соронзон түлхүүр гэж бий. Гэрчилгээ дагалдана. Мобиком болон Юнителийн сүлжээг ашиглаж дамжуулах бол түүнд хэрэглэх модем, Жи-Мобайл болон Сансрын холбоо ашиглах модем гэх мэт зүйл багтаж байна.

-Машин бүрийг гэрчилгээжүүлж байгаа гэлээ. Хүчинтэй хугацаа гэж байх уу?

-Гэрчилгээн дээр УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны сонгуульд ашиглахаар баталгаажуулсан тухай бичсэн байгаа. Тэгэхээр энэ сонгуульд л ашиглана гэсэн үг. Дараагийн сонгууль болвол дахин баталгаажуулах ажлыг хийж таарна.

-Баталгаажуулах явц хэзээгээр дуусах вэ?

-Төлөвлөгөөгөөр бол энэ сарын 23 гэхэд баталгаажуулалт дуусна. Хамгийн сүүлд нийслэлийн санал авах байруудад санал авах төхөөрөмжүүдээ хүргэнэ. Орон нутагт бол аль болох наана нь явуулна. Учир нь аймгийн төвөөс гадна дахиад цааш түгээх тул эртнээс явуулахыг хичээж байна. Өчигдөр гэхэд Баян-Өлгий, Ховд аймгийн санал авах машиныг өглөө үүрээр 4 цагийн онгоцоор хүргүүлсэн. Аймаг бүрт тус бүрт 100 орчим машин очсон байгаа.

-Ер нь санал авах өдөр ямар нэг саатал гарч болзошгүй. Нөөцийн машин бий юу?

-Нэг аймагт дунджаар 5 машин нөөцөлж байна. Төвдөө бол 10 орчим машин нөөцлөх байх. Нийслэлийн дүүргүүдэд саатал гарсан тохиолдолд манай инженерүүд очиж үзэж шалгах боломжтой.

-Энэ жилийн хувьд шинээр машин нэмж авсан уу?

-Анх 2500 ширхэг машин авсан. Тэдгээр машинаа энэ удаагийн сонгуульд ашиглана.

-Эвдрэл хэр байна вэ?

-Гурван сонгуульд ашигласан гэхэд эвдрэл харьцангуй гайгүй. Ганц нэг эвдрэлийг худалдаж авсан газар руугаа хандаад баталгааны хугацаандаа засуулсан.

-Хар машин дээр ажиллах ажилтнуудын хувьд хэр бэлтгэгдсэн бэ?

-Сонгуулийн автоматжуулсан тухай хуулинд аймаг нийслэлийн Сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн багийг 5 хүртэлх бүрэлдэхүүнтэйгээр СЕХ баталж ажиллуулна гэсэн байдаг. Тэр дагуу Мэдээллийн технологийн баг байгуулсан. Улсын хэмжээнд 31 баг, 144 гишүүнтэйгээр ажиллаж байна. Багийн сургалтыг 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд нийслэлд зохион байгуулсан. Үүний дараагаар 5 дугаар сарын 9-24-ний хооронд орон нутагт ажиллах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг зохион байгуулсан. Хамгийн сүүлд нийслэлийн мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг зохион явуулсан.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ