Дэлхий даяар 400 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцин хийлгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-13 09:38:06

ЛОНДОН. /NHK/. Дэлхий даяар 400 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгээд байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудсанд мэдээлэв.


Тодруулбал, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар 430.96 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг тариулжээ. Улс орноор авч үзвэл, АНУ /117.14 сая/, Энэтхэг /88.89 сая/, Их Британи /32.01 сая/, Бразил /20.51 сая/ жагсаалтын эхэнд бичигдэж байна.


Харин вакцины ядаж нэг тунг хийлгэсэн хүмүүсийн тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Израил хамгийн эхэнд жагсаж байгаа бөгөөд тус улс хүн амынхаа 61.4 хувийг ядаж нэг тун вакцинаар дархлаажуулжээ. Израилын араас Их Британи /47.1/, Чили /38.5/, АНУ /35/ тус тус жагсаж байна. Дэлхийн хэмжээнд энэхүү үзүүлэлт 5.5 хувьтай байна.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг өнгөрсөн 12 дугаар сараас эхлүүлсэн Израилд “Pfizer/BioNTech”-ийн вакцин хэрэглэж байгаа юм. Тус улсад халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд буурсан дүн үзүүлээд байна. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд дөрөвдүгээр сарын 11-нд 120 тохиолдол шинээр илэрчээ.


Их Британи нь “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд эхлүүлсэн юм. Тус улсад ч мөн халдварын шинэ тохиолдлын тоо буурч буй байдал ажиглагдаж байгаа юм. Мөн Англид л гэхэд 60 болон түүнээс дээш насны хүмүүсийн 95 хувь нь вакцины ядаж нэг тунг хийлгэжээ.


Харин “COVID-19”-ийн вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан хүний тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр мөн л Израил /56.9 хувь/ эхэнд бичигдэж байгаа бол тус улсын араас Чили /24.3 хувь/, Бахрейн /22.1 хувь/ жагсаж байна. 

Холбоотой мэдээ