Мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарт шинэчлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-07 15:51:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг” санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсвийн дэмжлэгийн бүрэлдэхүүн хэсгийн Зохицуулах зөвлөлийн анхны хурал боллоо.


Монгол Улсын Засгийн газраас Европын холбоотой “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг” санхүүжилтийн хэлэлцээрийг байгуулсан юм. Зохицуулах зөвлөлийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа нар оролцов.


Хурлыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа санхүүжилтийн хэлэлцээр байгуулан буцалтгүй тусламжаар төслийг хэрэгжүүлж байгаа Европын холбооны хамт олонд талархал илэрхийллээ.


Хүн амын тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа зорилттой энэхүү төслийн зорилт нягт уялдаж байгааг цохон тэмдэглэв. Мөн цаашид мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа тухай дурдав.


Хурлын үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа хэлсэн үгэндээ, "Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор уршиг нь бид бүхэнд хүндээр тусаж байна. Энэ цаг үед Европын холбоо нь төсвийн дэмжлэгээр дамжуулан Монгол Улсын Засгийн газарт нэмэлт санхүүжилт олгож байгаа. 2020 оны 10 дугаар сард төсвийн дэмжлэгийн эхний шатны санхүүжилт 16 сая еврог Монгол Улсын Засгийн газарт шилжүүлсэн. Европын холбоо нь цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжинэ" гэлээ.


Зохицуулах хорооны хурлын үеэр төслийн хүрээнд тавьсан 7 үзүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.


Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам болон Европын холбооны суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Холбоотой мэдээ