Алтайн ар говьд тоорой мод амжилттай нутагшуулж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-07 11:24:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Тооройн төлөө” ТББ говийн ховор ургамлын “Байгуулмал баянбүрд” туршилт судалгааны төв байгуулан Алтайн ар говьд тоорой мод амжилттай нутагшуулж байна.


Тодруулбал, тус ТББ анх удаа Алтайн ар говь буюу Говь-Алтай аймгийн Халиун, Шаргын говьд гурван жилийн өмнөөс тоорой модыг тарьж ургуулах туршилтыг хийж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 4000 гаруй мод нутагшин ургаж байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 2000 гаруй тооройн модны үрсэлгээ хийсэн нь амжилттай ургаж байгаа гэнэ. 

Түүнчлэн тус ТББ ШУА-ийн Газарзүй геологийн хүрээлэнтэй хамтран нэн ховор 20 гаруй модыг шинээр тарьж ургуулахын зэрэгцээ говийн унаган ургамал болох заг, сухай, гоёо, чихэр өвс, хармаг зэрэг ургамлыг хашин хамгаалан байгалиар нь ургуулж байгаа ажээ.


Улаан номд орж нэн ховордсон говийн хаан тоорой модыг анх 200 гаруй жилийн тэртээ эрдэмтэн судлаачид нээн судалсан бөгөөд Монгол орны Алтайн өвөр говь болон өмнөд хөршийн Алшаа баруун хошуу говиор тархан нутагшжээ.


Холбоотой мэдээ