Элчин сайд Д.Даваа Бүгд Найрамдах Халимаг Улсын Байнгын төлөөлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-02 07:56:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Бүгд Найрамдах Халимаг Улсын Байнгын төлөөлөгч Картиев Андрей Баатровичийг энэ сарын 1-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Халимаг Улсын удирдлага, Москва дахь Байнгын төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.


ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Тэргүүн Бату Хасиковын зарлигаар тус улсын Байнгын төлөөлөгчөөр Картиев Андрей Баатровичийг томилсон байна. Тэрбээр, 35 настай залуу зүтгэлтэн бөгөөд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль төгсөж, Лондоны HULT олон улсын бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн Шотландын Роял банк (RBS), олон улсын HSBC банкны Москва, Лондон дахь салбарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа “Оросын удирдагчид” (Лидеры России) төслийн шилдэг оролцогчдын нэг ажээ.

Холбоотой мэдээ